
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.Тэдгээрийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил, Саналын хуудас хэвлүүлэх ажлын явцын талаарх ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонсолоо. Мөн хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч дээрх агентлагаас СЕХ-нд ирүүлсэн албан бичигт, Үүрэн холбооны оператор компаниуд /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрт 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгджээ. СЕХ-ны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачилгыг дэмжив
гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ