Шүүгчид нөлөөлөхийг оролдсон төрийн албан тушаалтныг огцруулна

img

  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгч “нөлөөллийн мэдүүлэг” хөтлөх бөгөөд тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх  бүрэлдэхүүнд нөлөөлөхийг оролдсон үйлдлийг тэмдэглэн,  тэр нь хэргийн материалд хавсаргагдах юм байна. Нөлөөлөхийг оролдсон этгээдийн үйлдэл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөл холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх журамтай. Хэрэв шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэл нь тогтоогдвол иргэн, албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, бусад этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх  юм. Ингэхдээ иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, албан тушаалтныг албан тушаалаас нь  чөлөөлөх буюу огцруулах, чөлөөлөөгүй буюу огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулах бөгөөд энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах зохицуулалт үйлчилж эхэллээ. Түүнчлэн улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн удирдлага, эрх баригч болон тухайн хууль бус нөлөөлөх, халдах үйл ажиллагааг төлөвлөсөн, зохион байгуулсан, үйлдсэн, оролцсон, мэдсэн боловч таслан зогсоох арга хэмжээ аваагүй аливаа ажилтан, этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл уг байгууллагыг албадан татан буулгах буюу татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг  30  хүртэл хоногийн хугацаатай баривчлах шийтгэл ногдуулахаар болжээ. Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүн шүүгчид нөлөөлөхийг оролдсон тохиолдолд Монгол Улсаас албадан гаргаж, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр  хасах зохицуулалттай болсон нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан баталгаа эрх зүйн хувьд тодорхой хэмжээгээр хангагдлаа гэж зарим судлаач, мэргэжилтнүүд дүгнэж байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ