Дэд сайд Э.Эрдэнэжамьян таван жилийн ял авах уу?
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг хайх шаардлагагүй гэсэн утгатай захидлыг Интерполд бичсэн Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьянг “Мөрдөн байцаалтад саад учруулсан” гэдэг үндэслэлээр АТГ-т шалгаж байна. Тэрбээр Хууль зүйн дэд сайдын албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчил гаргаж, намынхаа даргын хэрэгт холбогдолтой дээрх нэр дурьдсан хүмүүсийг Интерполоор эрэн сурвалжлахыг зогсоосон билээ.
Түүнийг АТГ-аас албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж байсан юм. Тэгвэл мөрдөн байцаалт саяхан дуусчээ. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлэхээр болсон байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсийг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эс бөгөөс гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэх хуультай. Хэрвээ эл хэргийг давтан үйлдсэн, эсхүл хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг ажээ. Хэрвээ Э.Эрдэнэжамьянгийн хэргийг онц их хохирол учруулсан гэж үзэх юм бол тэрбээр таван жил ч хоригдож магадгүй нь. Эс бөгөөс торгуулиад ч салах боломжтой ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ