Гурвалжин наалтгүй жолооч нарын бичиг баримтыг нь хураана

img

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын 2-р үе шат болох хяналтын үзлэг шалгалтын ажил үргэлжилж байна. Энэ үед гурвалжин наалтаа аваагүй, үзлэг оношилгоонд ороогүй жолооч нарт хэрхэн хариуцлага тооцох талаар Нийслэлийн татварын газрын  Тээврийн татварын байцаагч М.Шижирбаяраас тодрууллаа.

-Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын II үе шат болох хяналтын үзлэг шалгалт эхэлжээ. Хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ сарын 1-нээс татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журамтай. Тиймээс  татвараа төлөөгүй буюу гурвалжин наалтгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа. Ажлын хэсэг тухайн иргэдийн бичиг баримтыг хураан авч захиргааны хариуцлагын хуульд заасны дагуу торгоно. Тухайн иргэн татвараа төлсөн тохиолдолд бичиг баримтыг нь буцаан олгох болно.

-Нэг цэгийн үйлчилгээг хаана байрлаж байгаа вэ. Бичиг баримтаа хураалгасан жолооч нар хаанаас очиж бичиг баримтаа авах боломжтой вэ?

-Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цэг  “Дүнжингарав” худалдааны төв дээр байрлаж байгаа. Хэрэв татвараа төлөөгүйн улмаас бичиг баримтаа хураалгасан бол дүүрэг бүрийн татварын байцаагч нар нэг дор ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээн дээр очиж үйлчлүүлэх бүр боломтой.

-Нийслэлд бүртгэлтэй хэчнээн жолооч татвараа төлөөд байгаа вэ. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын  II үе шат хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 200 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвараа төлөөд байгаа.Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын  II үе шат болох хяналтын үзлэг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрөөс /өчигдөр/  эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулах юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ