Л.Ганбат: Өнөөдөр элсэгчдийн ерөнхий шалгалтын сүүлийн өдөр

img

Өнөөдөр их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын сүүлийн өдөр. Энэ өдөр Газарзүй, Нийгмийн тухай мэдлэг, Физик зэрэг хичээлүүдээр их, дээд сургууль, коллежид элсэгчид шалгалт өгч байгаа аж. Харин шалгалтын дүн хэзээ гарах, элсэгчид хэрхэн дүнгээ сонсох талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр ЭЕШ-ын сүүлийн өдөр. Элсэлтийн ерөнхий шалгалтын хуудсыг зургадугаар сарын 16 буюу өнөөдрөөс дууссанаас хойш манай Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн татна. Үүний дараа нэгдсэн журмаар шалгагч машинаар шалгуулагчдын материалыг уншуулна. Тэгээд долдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт манай цахим хуудсанд шалгуулагчдын дүн, оноог байршуулсан байх болно. Тиймээс шалгуулагчид манай цахим сайтаас дүнгээ харж болно. Сурагчдыг сургуульд элсэн ороход ямар нэгэн хүндрэл учруулахгүй тулд энэ жил мессеж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байгаа. Уг  үйлчилгээгээр дамжуулан дүнгээ мэдэх бүрэн боломжтой байгаа.

Өөрөөр хэлбэл, шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа утасныхаа дугаарыг ашиглан Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессеж илгээж интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болсон гэсэн үг. Шалгалтын хувиар, шалгалт өгөх анги танхим, суудлын дугаарын мэдээлэл, шалгалтын дүн болон онооны мэдээллийг мессежний үнээр буюу 40 төгрөгөөр авах боломжтой” гэв.

Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд 44, хөдөө орон нутгийн хувьд 88 багшийг төв комисстоо оруулсан бөгөөд нийт 4500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Өгсөн шалгалтынхаа үр дүнг өчнөөн хоногийн дараа үзэх ажээ. Хэний хувь заяа яаж шийдэгдэх бол доо хөөрхий.
2013-06-16