
Америк Сирийн сөрөг хүчинд туслахаа зарласны дараа дэлхий нийт дахин “Хүйтэн дайн”-ы уур амьсгалыг мэдэрч эхэллээ. Нөгөө талд нь ОХУ тэргүүтэй орнууд Америктай санал нийлэхгүй байгаагаа эртнээс мэдэгдэж байсны дагуу сөрөг байр суурь дээр зогсч байна. Ажиглагчид Обамаг Бушийн замаар орж хуурамч мэдээллээр Жорж Буш Саддамын амийг нь хэрхэн бусниулж Иракийг эвдэн сүйтгэсэнтэй адил Сирийг ч мөн адил болгох нь гэсэн байр суурь дээр байна. Үүнтэй зэрэгцэн Иордан, Сирийн хил дээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний 300 гаруй алба хаагч ирлээ гэж
“Times” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр Сирийн босогчдод зориулан тусламж үзүүлэхийг хэлсэн Цагаан ордны эзний даалгаврыг биелүүлэхээр ирсэн аж.
Оросын тагнуулын мэдээгээр Иорданы хойд хил дээр агаарын довтолгооноос хамгаалагч Patriot пуужин устгагч төхөөрөмж суурилуулсан байна. Үүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийг нислэггүй бүс болгож байгаа нь олон улсын гэрээ хэлэлцээг зөрчиж байгаа хэрэг гэж өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд Дамаскийг химийн зэвсэг хэрэглэсэн нь хараахан нотлогдоогүй гэдгийг дахин сануулан хэлсэн юм. Химийн зэвсэг хэрэглэснийг нотлохын тулд цус, шээс, хувцас зэрэгт хийдэг шинжилгээнүүд байдаг. Үүнийг химийн зэвсэг хэрэглэхийг хориглосон байгууллагын мэргэжилтнүүд дээж авч лабораторт шинжлүүлэн хяналтад байх ёстой гэдгийг Сергей Лавров хэлж байв.
Энэ сарын 9-нд Иорданд “Сэрэмжтэй арслан-2013” нэртэй олон улсын цэргийн хүчнийг хамарсан томоохон хэмжээний сургуулилт хийсэн юм. Сургуулилтад АНУ, Их Британи, Бахрейн, Канад, Чех, Египет, Франц, Ирак, Итали, Ливан, Пакистан, Польш, Катар,Турк, АНЭУ, Саудын араб, Йемен улс оролцсон юм. Ажиглагчид хэдийгээр сургуулилтын эхэнд Америк, Иорданы цэргийн өндөр албан тушаалтнууд Сирийн дайнтай холбоогүй гэж байсан ч энэхүү сургуулилтыг Америкийн цэргүүд үлдэх зорилготойгоор хийсэн “жүжиг” гэж үзэж буйгаа нуухгүй байна.
Харин Вашингтоны төлөөлөгч сургуулилтын дараа цэргүүдээ Иорданд үлдээхгүй гэж мэдэгдэж байсан юм.
Зарим ажиглагчид америкчууд Саддамыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байсан ч дараа нь буруу мэдээлэл байсан гэж хүлээн зөвшөөрч байсанчлан Башар Асадыг ч мөн адил нотлогдоогүй баримтаар буруутгаж байна гэж үзжээ. Обамаг буруутгах гол үндэслэл нь алан хядлага явуулж байгаа сөрөг хүчинд тусална гэдэг терроризмыг дэмжсэнээс ялгаагүй хэмээн ярьж, бичиж байна.
Ийнхүү Америк Сирийн тэнгэрт хяналт тогтоож хоёрдугаар фронт нээлээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Хэрвээ оросууд Башар Асадад тусална гэж зүтгэвэл энэ үнэхээр “Хүйтэн дайн” эхэлсэнтэй адил болно.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ