
Гадаадад суугаа монголчууд энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч буй. Хуулийн дагуу энэ сарын 14-ний 07.00 цагт эхэлсэн сонгууль өнөөдрийн 11.00 цагийн байдлаар 3097 болж, нийт санал өгөх иргэдийн 50 орчим хувь нь саналаа өгөөд байгаа аж.
Цагийн зөрүүнээс шалтгаалан хоёр өдөр үргэлжиж буй санал хураалт АНУ-д дууссан бөгөөд Канадын Оттова хотын 20 сонгогч бүгд саналаа өгчээ. ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, Гадаад дахь иргэдийн санал авах комиссын нарийн бичгийн дарга С.Сүхболд “Одоогоор гомдол, санал ирээгүй бөгөөд санал хураалт хэвийн үргэлжилж байна. Гэхдээ өнөөдөр цагийн зөрүүгүй газруудад санал хураалт 22.00 цагт дуусгавар болох учраас сонгогчид саналаа өгч, сонгуульдаа идэвхитэй оролцох хэрэгтэй байна. Тухайлбал, Сөүл, Бээжин, Улаан-Үүд, Эрээн гэх мэт хотуудын иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ.
Дашрамд дуулгахад, цагийн зөрүүгүй орнуудад өнөөдөр 22.00 цагт санал хураалт дуусах бол цагийн зөрүүнээс шалтгаалан маргааш 10.00 цагт бүх санал хураалт албан ёсоор дуусах аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ