Налайх-Агуйт-Тэрэлжийн замуудыг шинэчилж байна
Налайхаас-Агуйтын чиглэлийн 24.1 км замын шинэчлэлийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж буй “Замын битум” компани европ стандартын дагуу ХБНГУ-ын WIRTHGEN компанид үйлдвэрлэсэн авто замын хуучин хучилт болон хөрсийг хүйтнээр дахин боловсруулдаг WR 2500S маркийн машинаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Ингэснээр хуучин замын хучилтыг хуулж хаядаг, суурь хөрсийг дахин шинэчилдэг гэх мэт технологийн дамжлага үгүй болж, байгаль экологид ээлтэй хаягдалгүй, зардал багатай, хамгийн хямд өртөгтэй авто замын барилгын шинэ технологи орон нутгийн замд нэвтэрч байгаа аж. Өмнө нь Сүхбаатарын талбайн зүүн тал, Шархад-16 дугаар хорооллын замд энэ технологийг ашигласнаар богино хугацаанд, чанартай зам тавьж байсан юм.
Мөн энэ технологиор аялал жуулчлалын гол бүс нутаг болох Налайх-Тэрэлжийн чиглэлийн 30.2 км авто замын шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Да-фэнг” компани хийж байна. Тус компанийн хувьд ХБНГУ-ын WIRTHGEN компаний WR 2500S маркийн машины ижил загвараар өөрийн оронд үйлдвэрлэсэн авто замын хуучин хучилт болон хөрсийг хүйтнээр дахин боловсруулдаг машинаар замын ажлыг хийж байна. Энэ машин нь өртөгийн хувьд ХБНГУ-ын WIRTHGEN компаний WR 2500S маркийн машинаас бараг дөрөв дахин хямд өртөгтэй учраас замын нийт өртөгийг хямдруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж мэргэжилтгүүд үзэж байна.
Дээрх компаниудын зам барилгын ажилтай Зам тээврийн яамны газрын дарга Н.Батсуурь, Б.Мандат, Авто замын аяналт, эрдэм шинжилгээний төвийн хэлтсийн дарга н.Хүрэлсүх нар танилцаж, гэрээнд заасны дагуу графикт хугацаандаа зам барилгын ажлаа чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ