Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилж эхэллээ
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яам болон Монголын залуучуудын холбоо хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр хамтарч ажиллахаар болжээ. Санамж бичгийн хүрээнд цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх юм. “Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэлдэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд ажилтан хамгийн эрэлттэй байгаа Төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуй гэсэн салбаруудад ажиллана.
Мөн 21 аймгийн 1 сумыг сонгож өвөлжөө барих болон багш, эмч, бизнесийн чиглэлийн 4 оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах гэх мэтээр оюутан залуусыг баг болгон хувааж, цагийн ажил хийлгэх юм. Түүнчлэн цагийн ажил хийж буй оюутнуудын хөдөлмөрийн хөлсийг ч мөн тооцсон байна. Тухайлбал, төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуйд ажиллах оюутнуудын цалин 500 мянган төгрөгөөс доошгүй байх бол суманд ажиллах оюутнуудын цалин 200 мянга, харин өвөлжөө барих оюутнуудын цалин 500 мянган төгрөг байх ажээ. Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зуны амралтаараа цагийн ажил хийх боломжийг олгож буй уг төсөлд 600 гаруй сая төгрөг зарцуулах ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ