Ослоор Финланд улсын иргэн амиа алджээ
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нуруун замд өнгөрсөн амралтын өдөр Геологийн төв лабораторийн “Хьюндай Старекс” машин осолдож, нэг иргэн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, машинд сууж явсан таван иргэнээс Финланд улсын 47 настай К газар дээрээ амиа алдаж, гурван иргэн эмнэлэгт хүнд, хөнгөн бэртэлтэйгээр хүргэгдсэн байна
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус машинд Геологийн төв лабораторийн бүхий л удирдлагууд, Финландын Геологийн албаны ерөнхий захирал зэрэг томоохон албан тушаалтнууд явж байжээ. Учир нь Геологийн төв лабораторийнхон дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх боломжтой болсноо зарлаж, Финланд-Монголын хамтарсан төслийн талаар танилцуулга хийсэн. Энэ үеэр Монгол, Финланд хоёр орны эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа ололт амжилтын талаар ярилцаж, Финландаас төслийн удирдлага хийгээд олон зочид төлөөлөгчид ирсэн байна. Төслийн ажил нь дууссан ч Хустайн нурууг үзүүлээд буцах замдаа ийнхүү осолджээ. Талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулаад дараа нь улсад нь шилжүүлж өгөх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ