Туршилтын санал хураалтыг ирэх баасан гаригт авна
Өчигдөр СЕХ-ноос хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Өнөөдрийн байдлаар бүх аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод санал тоолох автомат машин болон саналын хуудас хүргэгдээд байна. Харин энэ долоо хоногтоо багтаан сум, дүүргийн сонгуулийн хороодод хүргүүлнэ” гэв.
Мөн энэ оны зургадугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр нийт 1856190 сонгогч энэ удаагийн сонгуульд саналаа өгөх бөгөөд одоогийн байдлаар сонгогчийн үнэмлэх тараах ажил явагдаж байгаа юм байна.
Сонгууль бүрийн өмнө туршилтын санал хураалт явуулах хуультай. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн туршилтын санал хураалт ирэх баасан гаригт улс орон даяар болох бол энэ сарын 25-ны өдөр зөөврийн саналын хайрцгаар санал хураалт явуулна. Уг санал хураалтад хэвтрийн өвчтэй, цэргийн алба хааж байгаа, дайчилгаанд хамрагдсан гэсэн гурван төрлийн хүмүүс оролцох аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ