Т.Сайнжаргал: Сонгуулийн хууль зөрчсөн гэх 75 мэдээлэл ирсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой нилээдгүй зөрчил, дутагдал илэрч байгаа тул Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ЦЕГ-ын НХХА-ны дарга, Дэд хурандаа Т.Сайнжаргал “Сонгуулийн сурталчилгаа эрчээ авч байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг зөрчсөн гэх 75 гомдол, мэдээлэл манай байгууллагад ирсэн. Үүнээс эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзсэн долоон гомдол мэдээллийг шүүхэд шилжүүлэн, 12-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, 16-т нь албан бичгээр хариу өгч, хоёр гомдол мэдээллийн дагуу шүүгчийн шийтгэврээр торгууль ногдуулсан. Мөн захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгосон нэг, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх нэг, хуурамч дуудлага өгсөн гурав, мэдээллийн дагуу хоёр хүнийг эрүүлжүүлсэн” хэмээн мэдэгдэв.
6
Мөн тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхэлснээс хойш цагдаагийн байгууллага нийт 44 гомдлыг шалгаж, шийдвэрлээд байна. Одоогоор 31 мэдээлэл гомдлыг шалгаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн ил далд сурталчилгаанууд ард иргэдэд хүрсээр байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д зааснаар нэр дэвшигч болон намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн ухуулагч нар хууль зөрчиж, хориглосон ажиллагааг явуулж байгаа нь нотлогдож эхэлсэн. Зарим сонгуулийн штаб энэ хуулийн заалтыг эрс зөрчиж, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 55.55.4-д зааснаар саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолно гэсэн заалтыг зөрчиж , саналыг гараар тоолно гэж мэдээлсэн. Ингэснээр санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолоогүйгээс нийтэд буруу ойлголт төрүүлж, нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудахад хүргэж магадгүй. Иймээс цагдаагийн байгууллагад эдгээр иргэдэд дахин ийм ташаа мэдээлэл хийхгүй байхыг анхааруулж, мэдэгдэл хүргүүлсэн” гэлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ