Төрийн үйлчилгээг “ТҮЦ”-нээс авдаг боллоо
Иргэд төрийн үйлчилгээ буюу лавлагаа мэдээлэл авах гэж уртаас урт дараалалд зогсож, ажилдаа ирдэггүй, аль эсвэл цайндаа гараад таг болчихдог хүнд сурталтай төрийн албан хаагчийг хүлээж, цаг хугацаа алдаж, бухимдаж суух үе цөөнгүй тохиолддог. Тэгвэл энэ бүх асуудал, чирэгдэл болсон бухимдал дахин давтагдахааргүй болж, төрийн үйлчилгээг “ТҮЦ”-нээс авдаг болох нь.
.
Тодруулбал, өнөөдөр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас иргэдэд үйлчлэх “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин”-ыг ашиглалтад орууллаа. Төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн энэхүү “ТҮЦ машин”-ыг танилцуулах нээлтийн ажиллагаа Баянхошуу дахь Хөтөлийн буудал дээр болсон юм. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил аж.
.
Энэхүү “ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа гаргах юм. Мөн аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэнэ. Түүнчлэн өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөр хийх боломжтой юм байна.
Үүнд:
Иргэний бүртгэлийн үйлчилгээ:- Санал хүсэлт, өргөдөл гомдол
- Төрсөний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
- ААН-ын орлогын албан татварын лавлагаа
- Хувь хүний орлогын албан татварын лавлагаа
- Цахилгааны төлбөр
- Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээ төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын лавлагаа, мэдээллийг тус тус хүргэх аж.
МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа энэ үеэр “Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 74 ширхэг “ТҮЦ машин”-ыг 2013 – 2014 онуудад байршуулна. Үүнээс 36 ширхэг нь Улаанбаатар хотод, 38 ширхэг нь аймгийн төвүүдэд суурилагдах юм.
.
Ерөнхий сайдын 2013 оны багцаас 120 ширхэг “ТҮЦ МАШИН”байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороонд 78 ширхэг, аймгийн төвүүдэд 42 ширхэг тус тус нэмэгдэж байршснаар улсын хэмжээнд нийт 230 “ТҮЦ машин” иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
.
Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй” гэлээ.
Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх энэхүү “ТҮЦ машин”-ний программыг монгол инженер, программистууд өөрсдөө хийсэн бөгөөд Хонгконгд угсруулсан гэдгийг албаныхан хэлж байсан.
“ТҮЦ машин”-ны хэрэглээ маш энгийн иргэн та иргэний цахим үнэмлэхээ зааврын дагуу машинд хийнэ. Дэлгэцэн дээр таны хүссэн мэдээлэл, лавлагааг авах цэс нээгдэнэ. Цэсийг дарснаар дэлгэцэн дээр таны хүссэн лавлагаа мэдээлэл гарч ирнэ. Тэр үед лавлагаа, мэдээллийн хураамж болох 500-1000 төгрөгийг машинд хийнэ. Машины доод хэсгээс гарч ирэх тасалбарыг аваад хадгалаарай. Учир нь таны мэдээллийг хэвлэсэн үнэт цаасны хамт байснаар албан ёсны баримт болох юм. Хэрэв та тухайн үед бэлэн мөнгөгүй яваа бол банкны цахим картаа ашиглан төлбөр тооцоогоо хийж болно. Мөн энэхүү машинаар Төрийн байгууллагууд болон яам тамгын газруудад хандан санал хүсэлтээ илгээж болно. Ингэхдээ мөн зааврын дагуу илгээж болох юм байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж чадсан энэхүү машин ашиглалтад орсноор иргэний цахим үнэмлэх “амь” орсон гэж болно.
.
Эхний ээлжинд Улаанбаатар хотын хүн амын сууршилыг харгалзан 17 цэгт “ТҮЦ машин”-ыг суурилуулсан бөгөөд өнөөдөр 11.40 цагт нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Ингээд өнөөдөр нэгэн зэрэг иргэдэд үйлчлэх “ТҮЦ машин”-ны байршлыг танилцуулж байна.
.
“ТҮЦ МАШИН”-ны байршил:
Баянзүрх дүүрэг
- 14-р хороо Сандэй худалдааны төв, Сандэй Плаза ХХК
- 18-р хороо Офицеруудын ордон
- 23-р хороо Хужирбулан /Дэлгүүр, үйлчилгээний газар/ Эрхэм-Бүрд ХХК
- 7-р хорооТөв вокзал
- 20-р хороо Орбитын эцэс /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Зүүн-Алдар ХХК
- 11-р хороо Хөтөлийн буудал /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Томмянган ХХК
- 16-р хороо 32-ын буудал, Миний дэлгүүр, Сонгино Хангай ХХК
- 31-р хороо СХД-ийн 31-р хорооны байр, СХД-ийн 31-р хороо
- 12-р хороо32-ын тойрог, Номин худалдааны төв, Номин тав трейд ХХК
- Мэдээлэл технологийн үндэсний парк
- 1-р хорооТөв шуудан, Монгол Шуудан ТӨХК
- 2-р хороо Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, Мөнх суврага ХХК
- 10-р хороо Чингис хаан ОУНО-ны буудал
- 8-р хороо Яармагийн дэнж /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Татаал Трейд ХХК
- 11-р хороо 17-ын дэлгүүр, Тэлмэн-Импекс хоршоо
- 4-р хороо Тэнгис кино театр, Улаанбаатар Синема ХХК
- 18-р хороо 7-н буудлын эцэс, худалдааны төвд тус тус байршиж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ