Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхийлөгчид захидал бичжээ
ТЕГ-ын хурандаа Д.Цогтбаатарыг баривчилж хориод багагүй хугацаа өнгөрчээ. Түүний гэргий Ч.Мандах нөхрийг нь баривчилсан нь хүний эрхийг зөрчин, хууль бус ажиллагаа явуулсан хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан юм. Тэрээр нөхрийгөө хэлмэгдэж байгаа талаар Ерөнхийлөгчид хандан ил захидал бичжээ. Ил захидлыг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа Таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Жирийн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгийн их анхаардаг болохоор Танд хандан энэхүү захидлыг бичиж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуулийн нөр их ажилтай, зав чөлөө муутай байгаа ч Хууль ёс, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нэгэн хэрэгт анхаарлаа хандуулна гэдэгт би итгэж байна.
Миний нөхөр, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баривчилж, цагдан хорьсноос хойш 17 хонож байна. Миний нөхрийг анх залилангийн гэх хэргээр баривчилан хорьсон. Тэр холбогдуулаад байгаа хэрэг нь 2005 онд гарсан бол манай нөхөр 2004-2005 онд Моксвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан юм. Тэгэхээр хэрэг гарах үед манай нөхөр Монголд байгаагүй гэсэн үг. Манай өмгөөлөгчийн хэлснээр залилангийн хэрэгт хохирогч нь өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд хэрэг үүсгэн шалгадаг гэсэн. Гэтэл энэ хэрэгт ямар ч хохирогч байхгүй, өргөдөл гомдол гаргасан хэн ч байхгүй байна. Манай нөхрийг хууль бусаар цагдан хорьж, огт хамааралгүй хэрэгт холбогдуулан хорьж байгаа нь Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн би үзэж байна. "Хүнийг шалгаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой" гэж та хэлдэг. Хуульд зааснаар бол онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлах магадлалтай хүмүүсийг цагдан хорьдог. Гэтэл манай нөхөр тодорхой оршин суух хаягтай, өргөсөн тангарагтаа үнэнч, Монгол Улсын аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа төрийн жирийн л нэг албан хаагч.
Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж, шинэчлэл рүү тэмүүлсэн монголчууд бидний үзэл санааны туг нь та болж байсан тэр өдрүүдэд би ч гэсэн Ардчиллын төлөөх жагсаал цуглаанд найзуудтайгаа хамт оролцож байсан.
Та Ерөнхийлөгч болсон өдрөөсөө эхлэн Монгол улсад хууль, шүүхийн шинэчлэл хийх ёстой хэмээн шинэчлэлийн ажлыг эрчимтэй эхлүүлсэнийг би жирийн иргэний хувьд талархан дэмжиж ирсэн. Ялангуяа нөхрийгөө хоригдсон энэ өдрүүдэд хууль, шүүхийн шинэчлэл Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал мэдэрлээ. Хуулиа мөрддөггүй, хуулийг мушгин гуйвуулдаг хүмүүс жирийн бидний амьдралаар хэрхэн тоглож, хүний эрхийг хэрхэн зөрчиж болдгийг би харлаа. Миний нөхөр Д.Цогтбаатарыг огт хамааралгүй хэрэгт хамаатуулан хууль бусаар хорьж байна. Энэ хэрэгт таныг анхаарлаа хандуулахыг жирийн иргэн хүний хувьд хичээнгүйлэн хүсье.
Монгол Улсад ардчилал, хүний эрхийг бататгах, хууль шүүхийн шинэчлэлд таны эхлүүлсэн ажил бүрэн үр дүнд хүрнэ хэмээн би найдаж байна.
Таны цаашдын ажилд амжилт хүсье. Д.Цогтбаатарын эхнэр Ч.МАНДАХ" гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ