
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич энэ сарын 21-нд Монгол Улсад анх удаа айлчилна. Манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч нар айлчилж байсан боловч Ерөнхий Ассамблейн чуулганы дарга айлчилж буй нь анхны тохиолдол юм.
Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хугацаанд Монгол Улсад НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим-Жомарт Токаев, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакди, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нар айлчилсан, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Худалдан авах, хангалтын албаны дарга ноён Киёхиро Мицуй, НҮБ-ын Хүний нөөцийн албаны хэлтсийн дарга Ж.Эриксон нар Улаанбаатарт ирж ажилласан, саяхан Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо өргөн дэлгэр тэмдэглэж, манай улс НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт хамрагдах болсныг зарласан гээд Монгол, НҮБ-ын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон чухал үйл явдал тохиогоод буй.
Мөн, Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 26 дугаарт бичигддэг бөгөөд манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс өнөөгийн байдлаар Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаанд 850 хүнтэй цэргийн баг, Дарфур дахь ЭСА-нд цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 68 хүнтэй баг тус тус үүрэг гүйцэтгэж байна.
Ноён Вук Еремич Монголд айлчлах хугацаандаа Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхах юм хэмээн
ГХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ