Монгол Улс 14,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 22 автомашиныг хүлээн авлаа
Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ой баяр өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-ын 500 орчим албан хаагч Сүхбаатарын талбайд ёслолын жагсаал хийлээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдавга, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нарын албаны хүмүүс оролцов.
6
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ онд Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсний 9 жилийн ой тохиож байна. 2005 оноос хойшхи зургадугаар сарын 20-ний энэ өдрийг жил бүр Онцгой байдлын албаны өдөр болгон тэмдэглэж ирлээ. Манай Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн найман жилийн хугацаанд 26580 гаруй аюулт үзэгдэл, ослоос 5350 гаруй хүний амь, төр болон аж ахуйн нэгж, иргэдийн 123,0 тэрбум төгрөгний өмч, хөрөнгийг хамгаалж чадлаа. Бид энэ онд Онцгой байдлын байгууллагын техникийн чадамж, материалаг бааз, тоног төхөөрөмжид илүү анхаарч 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраар батлуулан үйл ажиллагаандаа зарцуулж байна. Мөн 2000 гаруй албан хаагчийг гадаад, дотоодын сургалтад хамруулсан” хэмээн хэллээ.
6
Дээрх ойн арга хэмжээний үеэр Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар олгож буй галын 22 автомашиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Нийт 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй галын 22 автомашиныг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан Япон Улсад захиалгаар бүтээснээрээ онцлог юм байна. Мөн гал сөнөөгчдөд галд тэсвэртэй зориулалтын хувцас тоноглол хүлээлгэн өгсөн аж.
.
Уг автомашиныг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү ОБЕГ-ын хурандаа Т.Дуламдоржид автомашинуудыг хүлээлгэн өгөхдөө “Шинэ машинууд Улаанбаатар хотын оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалах, хотын амар амгалан байдлыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.
.
Үүний дараа ОБЕГ-ын албан хаагчид шинэ автомашинаараа гал унтраах үзүүлэх тоглолт хийсэн.
Сонирхуулахад, дээрх 22 автомашины 16 нь 3500-8000 литрийн багтаамжтай усны багтаамжтай, 1 химийн аргаар гал унтраадаг, 3 нь гэрэлтүүлэгч цамхаг бүхий аврах машин, 2 сунадаг шаттай машин ажээ.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ