Г.Хайдав: Би сүүлийн үед ад үзэгдээд байгаагаа нуухгүй шүү

.
-Сайхан зусч байна уу? Таниар сонин ихтэй биз дээ?
-Дэлхий дэлгэнэсэн зун цаг сайхан байна. Би чинь их сониуч хүн. Бүх насаараа завгүй сонин ихтэй явлаа.Над шиг үхэхээс бусдыг үзсэн хүн ховор байх.Сайныг нь ч, саарыг нь ч үзлээ. Халхын гол, 1941, 1945 оны эх орны дайны сэжүүрээс үзсэн болохоор юунаас ч айдаггүй. Мөн галд түлэгдэж, Хэрлэнгийн гол үертэй байхад живж үзсэн. Гурван удаа машины, нэг удаа онгоцны осолд орсон. Оюутан байхдаа Свердловск, Новосибирскийн хооронд онгоц маань цахилгаанд орж нуруулдсан өвстэй газар осолд орохоо шахаад буусан. Гурван хоног хаашаа ч холбоо барих боломжгүй байж байгаад онгоцоо засаад Москва уруу нисч билээ.
.
-Таныг 700 гаруй дуу дуулсан гэж сонссон?
-Одоо ч тоог нь алдаж дээ. Монголын үндэстэн ястны болон гадаадын 700 гаруй дуу дуулсан. Монголын авьяастнууд эхийнхээ хэвлийд байхаасаа эхлээд дууны яруу эгшигт ойр байсан түүхтэй. Миний ээж их сайхан дуулж, бүүвэй аялдаг мундаг эмэгтэй байсан. Ээжийг маань морин дэл дээр дуулаад давхихад зарим хүн дургүйцлээ илэрхийлдэг байсан гэдэг. Миний дуулах авьяас аав, ээжээс минь улбаатай.
.
-Ээж тань их олон сайхан дуу дуулдаг байсан байх даа?
-Тийм ээ. Миний ижий уртын болон богино дуунуудыг тун чадварлаг дуулна. Ээж маань ямар ч дууг их хурдан сурдаг байсан. Би ч гэсэн дууг их хурдан сурдаг. Хүүхэд байхдаа киноны дууг нэг сонсоод л сурчихна. Энэ дэлхийд дуулж болохгүй нэг ч дуу баймааргүй санагдаад зүтгэж явна. Уг нь би анхдагч байсан. Одоо ч больж дээ. Элэг нэгт монгол түмний минь дунд авьяастнаараа бахархдаг нэгэн байхад эх орноо худалдаж иддэг луйварчид бас байна. Үүнд их эмзэглэж даралт ихсээд байх боллоо. Би Монгол Улсаасаа хамгийн өндөр шагналууд авсан хүн атлаа сүүлийн үед ад үзэгдээд байгаагаа нуухгүй шүү.
.
-Амьдралаас олж авсан хамгийн том олз юу вэ?
-Би СССР-т П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн их сургуульд консерваторид зургаан жил сурсан.1948 онд нам засаг намайг Оросын агуу сургууль руу явуулсан нь энэ. Би дэлхий нийтийн сонгодог урлагийг эх орондоо авч ирснээрээ бахархдаг. Энэ бол миний амьдралаас олж авсан нандин олз юм шүү дээ. Төрснөөсөө хойш дунд сургуульд ортлоо их аз жаргалтай байсан. Мөнх тэнгэрийн хүчин дор хонины сүүлээр соосог хийж өссөн үе минь хамгийн аз жаргалтай мөч минь юм даа. СУИС-ийг суурийг тавьсан хүн би. Миний байгуулсан сургуулийн оюутнууд дэлхийн хэмжээний том уралдаанд эхний байрт шалгарч байна. Тэд миний ч шавь, миний шавийн шавь нар ч байгаа. Ийм гавьяа байгуулсан хүн цөөн байх аа. Гэтэл уг сургуулийн 50 жилийн ой болоход би амьд атлаа үхсэн юм шиг байх юм. Дутуу дулимаг юм мэддэг улсууд намайг хэн ч биш гэж бодоод байх шиг байна.
.

-Тийм ээ. Би 60 жил багшилж, 80 жил тайзан дээр зогсож байна. Миний шавь тоогоо алдсан. Хөвсгөлийн театрын дарга н.Сэржмятав чинь миний урдаа барьдаг хайртай шавийн нэг нь байгаа юм. Саяхан “Ээждээ” дууг минь надтай хамтарч дуулаад, Бөхийн өргөөнд тайлан тоглолтоо хийгээд буцсан. Одоог хүртэл энэ их авьяастай хүүхэд гавьяат болоогүй л явна.
.
-Орост олон жил болсон болохоор оросоор сайн ярих уу?
-Муу доктор профессоруудаас илүү ярина. Орчуулагчийн дайтай ярьж чадна шүү. Муу оросоос хамаагүй дээр ярина шүү. Миний үеийн оросууд хүний мөс сайтай байсан. Одоо ч мөс чанар нь муудсан тал ажиглагдаад байх юм.
.
-Таныг билльярд сайн тоглодог гэж сонссон?
-Есөн настай байхдаа Туулын бургасаас шилж байгаад билльярдныхаа түлхүүр модоо хийж байлаа. Цэргийн хуаранд төмөр шариктай билльярд тоглож сурсан. Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайтай хамт оюутан байхдаа билльярд тоглож хоол олж иддэг байв. Одоо ч тоглодог. Билльярд тоглох нь нүдний хараанд их сайн. Би 4-13 нас хүртлээ морь унасан. Өнөөдөр нүдтэй, хөлтэй байгаа минь билльярд тоглож морь унасны л ач юм даа.
.
-Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?
-Цөөхөн монголчууд маань эх орон, эх хэл, босоо бичигтэйгээ л үлдэх хэрэгтэй байна. Монгол түмэн минь ухаанаа уралдуул. Ухаанаа уралдуулбал дэлхийд тэргүүлж чадна.
.
Монгол Улсын нэгэн зууны түүхийн амьд гэрч болон энэ цагт та бидний дунд уран бүтээл, урлаг соёл, хүмүүний амьдралын утга учрыг дэнслэн суугаа эрхэм хүмүүнтэй ийн хөөрөлдсөн. Мөн түүнээс авсан товч, тодорхой блиц асуулт хариултыг мөн хүргэж байна.
.
Блиц:
Дуртай улирал-Хавар амьтай бүхэн дэлгэрдэг.
Дуртай хоол-Таван хошуу малын минь цагаан идээ, нялх багаасаа хэрэглэсэн амин дэм. Эхийн уураг
Хэлэх дуртай үг- Олны хүч оломгүй далай
Хүндэлдэг зан-Шулуун шударга
Гомдохоороо-Сэтгэлээр унадаг
Баярлахаараа- хөөрдөг, гэхдээ хэт баярладаггүй
Баримталдаг зарчим-Ээжийнхээ захиасаар юу ч хэтрүүлдэггүй.
Таны карьерийн хамгийн гайхалтай мөч?-Би хүний оронд очоод орос хэл сураад тэр үеийн эрдэмтдийн авьяасыг өвлөсөн. Ололт амжилтаараа дандаа бахардаг. Говийн зэрэглээ киноны Арслангийн тоглосон дүрд би дуу оруулсан юм.
Хэрвээ урлагийн хүн болоогүй байсан бол юу болох байсан бэ?-Эмч юм уу шашин төрийн зүтгэлтэн болох байсан.
Хамгийн сүүлд уншсан ном?- Доктор профссорын Л.Дашнямын “Сүнстэй бөгж, “Чулууны дууль”, “Зүүдний манан” гурван ботийг уншиж байна.
Бидэнд нэг нууцаа хэлнэ үү? -Надад нууж хаах юм байхгүй. Миний хүү Сэргэлэн амьд үхсэн нь мэдэхдэхгүй дөрвөн жил болж байна. Үүнийг л илчлэх юмсан гэж бодож сууна. Энэ нууц л дэлгэрээсэй. Үүнийг л мэдчихээд нүд аних юмсан.
Таны худалдан авч байсан хамгийн үнэтэй зүйл?-Өөрийгөө амьд, мэнд урт наслуулахын тулд худалдан авсан гадаадын эм. Сард 100 гаруй мянган төгрөгийн эм авдаг.
Амрах дуртай газар: Гэр минь
Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ-Цээжиндээ байгаа үгээ хэлдэг.
Өөрийг тань чимдэг зүйл-Ээж минь намайг хар багаас минь хувцсаа хайрла гэж захидаг байсан. Сурсан эрдэм, хувцсаа хайрладаг.
Нууц авьяас-Хүн харах, сонсох, мэдрэх нь хэдий хэр үргэлжилж болохыг нээх санаатай судалж байна.
Кайф авдаг зүйл-Санасан санаагаа биелүүлэх
Таны хоч –Хүүхэд байхдаа цагаан баавгай хочтой байсан. Хожим орос Хайдав, ёвроп Хайдав, Ганган Хайдав гэж байсан.
Салахыг хичээдэг муу зуршил-Дандаа би өөрөө өөрийгөө зөвтгөж явдаг.
Хамгийн сүүлд авсан бэлэг-Ном
Хамгийн их сэтгэл хөдөлдөг зүйл?-Одоо ч ховордож дээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ