Монгол Улсын ”Үндэсний тохирол /чанар/-ын тэмдэг”

img

Зах зээлийн  эдийн засгийн гол үзүүлэлт нь чанар бөгөөд шударга өрсөлдөөнийг бий болгож, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх нь улс орны хөгжилд  чухал нөлөө үзүүлдэг болно. Өнөөдөр дэлхий дахинаа бизнес эрхлэгчид чанарыг бүх зүйлд чухалчлан үздэг болжээ.

Манай улсад 1998 оноос эхлэн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаанд хэрэглэж, ашиглах ”Үндэсний тохирлын тэмдэг” (MNS марк)-ийн хэлбэр, хэмжээ, түүнд тавигдах тодорхой шаардлага үзүүлэлтийн талаар MNS 4600:1998 стандартыг мөрдөж байгаа.

Хэрэглэгчдэд  ийм тэмдэгтэй бүтээгдэхүүн нь чанартай, аюулгүй гэсэн зөв мэдээллийг өгөх боломжийг бүрдүүлдэг. Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй бөгөөд холбогдох стандартын  үзүүлэлт, шаардлагад бүрэн тохирч байгааг илэрхийлдэг учиртай.

”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх авахын тулд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулалтад хамруулах  тухай  хүсэлтээ  албан бичгээр эрх бүхий баталгаажуулалтын байгууллагад (Стандартчилал, хэмжил зүйн газарт) гаргана.

Ямар бүтээгдэхүүн ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй болдог вэ? Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь түүхий эдээсээ эхлээд хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлагыг газар дээр нь очиж үнэлгээ явуулж, тогтвортой байдлыг нотлох, бүтээгдэхүүн нь стандарт, норматив техникийн баримт бичгийн  шаардлагад тохирч байгааг сорилт шинжилгээн дээр үндэслэн тогтоосны үндсэн дээр уг тэмдгийг олгодог журамтай.

Бизнесийн байгууллагынхан өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ ”Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэх эрх авсан тохиолдолд гэрээ, хэлцэл хийх, үйлдвэрлэлийн байр эсвэл бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгон дээр тохирлын тэмдгээ тавьж мэдээлэл, сурталчилгаанд хэрэглэх онцгой эрх эдэлнэ.

Үндэсний тохирлын тэмдэг нь гэрчилгээгээр баталгаажигдахаас гадна тодорхой хугацаатай мөн уг хугацаанд хамтран ажиллах, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах талаар  гэрээ байгуулна. Гэхдээ баталгаажуулалтын болон хяналтын байгууллагууд хууль, журмын хүрээнд хяналт тавьж байдаг. Тэмдэг хэрэглэх эрхийг шинээр олгох, сунгах, цуцлах, энэ тухайгаа мэдээлэх эрх нь Стандартчиллын төв байгууллагад байдаг.

Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарт онцгой анхаардаг болсоор байна. Үүний  тод жишээ нь анх 1997 онд Говь ХК, Өгөөж чихэр боов ХК, АПУ ХК  зэрэг гарын таван хуруунд багтам аж ахуйн нэгжийн 10 гаруйхан нэр төрлийн бүтээгдэхүүн  ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид болон импортлогч 50 илүү  аж ахуйн нэгж байгууллагын  200 гаруй бүтээгдэхүүн энэхүү эрхийг эдэлж байна. Үүнийг дотор нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нь ангилан авч үзвэл 74,5%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 25,5% -ийг хүнснээс бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна. Үйлчилгээний тухайд Өвөрхангай аймгийн “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн Сувиллын үйлчилгээ, “Нимонс” ХХК-ийн Авто засвар, оношлогоо, үйлчилгээний чиглэлээр ажилладаг хоёр  аж ахуйн нэгж  байна.

Газар зүйн байршлаар авч үзвэл нийслэл хотод 17 аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө орон нутагт 35 аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь  ”Үндэсний тохирлын тэмдэг”  хэрэглэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын ”Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиар  ”Үндэсний тохирлын тэмдэг”  –тэй  бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспорлох, импортлоход хяналт баталгаажуулалтад давтан хамруулахгүй гэж заасан байгаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар өндөр итгэл үзүүлж байгаагийн тод илрэл юм. Стандартчилал, хэмжил зүйн газраас  бизнесийн орчныг сайжруулах хүрээнд тохирлын үнэлгээний эрх зүйн орчинг  боловсронгуй болгох, олон улсын жишигт хүргэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүнтэй болон удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн байгууллагыг  урамшуулах, зохих дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн бүтээгдэхүүнд тогтмол хийдэг сорилт шинжилгээний хугацааг уртасгах, давтамжийг цөөлөх, тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг ээлжит хяналт шалгалтаас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн бүтээгдэхүүний чанарыг тогтвортой дээшлүүлж буй байгууллагад төрөөс эдийн засгийн урамшуулал үзүүлэх асуудлыг ч холбогдох байгууллагатай хамтран судалж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болгох, чанар сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний чанарын тэмдэг” гэж нэрлэн, олон нийтэд хүргэх зорилгоор уг тэмдгийн загварыг шинэчлэн гаргаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heregtei l zuil bnada
2011-11-28
Стандартчилал, тохирлын унэлгээний хууль яагаад хэрэгждэггуй болон импортоор орон нутгийн ТУ-бараа яагаад оруулаад байгааг тайлбарлана уу. Хэрэглэгчдэд худлаа реклам бус, чанарын бодитой баталгаа чухал байна шуу дээ, Стандарт болон хяналтын ноед, тушмэдууд ээ.
2011-11-17