Ц.Даваасүрэн: Хөрсөндөө буусан төсөв болсон

img

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2014 оны  төсвийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн  баталсан. Ирэх оны төсөв баталсантай холбогдуулан Төсвийн  байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль нь өнгөрсөн оныхтой харьцуулахад төсвийн төсөөллөөр хийсэн, хөрсөндөө буусан төсөв болсон гэж Ц.Даваасүрэн гишүүн дүгнэв. Тэрбээр:

-2011, 2012 онд төсөв өмнөх жилийнхтэй харьцуулахад 20-33 хувийн өсөлттэй байсан. Эцэстээ оны төгсгөлд орлого нь танагддаг, зардал нь буурдаг, тодотгол хийгддэг  зарчмаар явж байлаа. Энэ байдлаа засах үүднээс бид төсвийн төсөөллийг боловсруулахдаа байж болох төвшинд нь өсөлтүүдийг авсан.  Жишээлбэл, төсвийн орлого өмнөх жилийн төвшинд байгаа. Харин тодотгосон төсөвтэй харьцуулбал найм хувийн өсөлттэй.  Энэ оны төсвийн тодотголоор орлогоос нь нэг их наяд, зарлагаас нь 800 тэрбум төгрөгийг хассан шүү дээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийг  өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад доогуур төвшинд авсан. Өнгөрсөн жил нэг тонн зэсийн үнийг 8100 ам.доллараар авсан. Харин 2014 оны төсөөллөөр 6200 ам.доллараар авсан байгаа.  Мөн боловсруулсан нүүрсийг нэг тонныг нь 160 ам.доллараар авч байсан бол ирэх жилийн төсөвт 115 ам.доллараар тооцсон. Энэ нь ирэх жилийн хувьд байж болох үнийн төвшингээр тооцсон гэсэн үг.  Өнгөрсөн жилүүдийнх шиг нүүрс, зэсийн үнэ буурахаар төсвөө тодотгодог зүйл давтагдахгүй гэж бодож байна. Энэ жилийн төсөвт туссан хөрөнгө оруулалтын объектуудыг үнэ нь өссөн, он дамжиж удааширсан асуудлыг дахиж нягталж байж зохион байгуулахаар болж байгаа. Эхний нэгдүгээр улиралдаа аудитын үнэлгээ хийлгэхээр 0 дүнтэйгээр төсөвлөсөн. Дараа нь төсвийн тодотголоор задална. Яагаад төсвийн тодотгол хийх болсон гэхээр 144 объект 186 тэрбум төгрөгийн өртөгтэй. Салбар нэг бүр дээр багтааж 0 дүнгийнхээ оронд төсөвт өртгийг суулгаж өгнө. Дүн өөрчлөгдөж байгаа учраас хөрөнгө оруулалтыг тодотгохоос өөр арга байхгүй. Бид нэгдүгээр улиралд багтааж үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана. Яагаад гэвэл манай барилгын ажил улирлын шинж чанартай. Дөрөвдүгээр сараас барилгын ажил эхэлнэ. Хөрөнгө оруулалт дээр төсөвт өртгүүд нь ижилхэн хүчин чадалтай мөртлөө  дүн нь өөр өөр гардаг.  Жишээ нь, 250 суудалтай соёлын төв, 500 суудалтай соёлын төвөөсөө өндөр төсөвтэй гарсан байна.

Тэгээд ажил нь дуусдаггүй, он дамжиж мөнгө нэмүүлээд байдаг. Энэ гаж үзэгдлийг хална. Магадгүй зарим нэг нь төсвөөс сул мөнгө авах гэсэн зохион байгуулалттайгаар ажлыг удаашруулж, төсвийг өсгөдөг талтай. Энэ агуулгаар нягталж байгаа юм. Цаашдаа хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хяналт тавьдаг төрийн чадавхийг сайжруулах шаардлагатай байна. Засгийн газрын оруулж ирсэн төвшингээс орлого талдаа 20 тэрбум төгрөг, зардал дээр 17 тэрбум төгрөг нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын оруулж ирсэн төвшингээр батлагдсан гэсэн үг. Төсөв дээр нэмэлт татвар бий болгоод орлогыг өсгөх гэсэн зүйл тусгаагүй. Өмнө нь орж ирсэн төсөв дээр ч юм уу, Засгийн газар дээр ямар нэг татварыг бий болгоод орлого төлөвлөөд явдаг байсан. Харин энэ удаа ямар нэг татварын асуудал хөндөөгүй. Бид хотын татварын асуудал ярьсан боловч боловсруулалын шатандаа  нягтлагдаагүй учир орхисон. Тиймээс энэ төсөвт татварын нэмэлт ачаалал ороогүй. Хэрэгжилтийн явцад цалин тэтгэвэртэй холбоотой асуудлыг анхаарахаар болсон. Цалин тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор эх үүсвэрийг нь суулгаж өгснөөс бус хувь зааж өгөөгүй. Хувь заагаад өгчихөөр эргээд бизнесийн салбарт дарамт болдог байлаа.  Жишээлбэл, цалин тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэхээр бизнесийн салбарынхан мөн ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмэх болдог. Ингэхдээ бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг зүйл рүү ордог. Тийм учраас цалин тэтгэврийн нэмэгдэх хувийг хэлэхгүй байгаа. Харин төсвийн хэрэгжилтийн явцад инфляцийн  төвшинтэй уялдуулаад чимээ шуугиангүйгээр, улс төржилгүйгээр энэ асуудлыг шийдэх юм.  Мөн оюутны тэтгэлгийн асуудлыг орхигдуулаагүй. Энэ хичээлийн жилд сар бүр 70 мянган төгрөгөө авна. Харин ирэх хичээлийн жилээс сурлагаар нь хэмжиж  олгоно. Хөдөлмөр хийсэн хүнд энэ мөнгийг өгнө. Оюутны хөдөлмөр бол сурах, сурлага сайтай байх.  Түүнээс бус хичээлдээ суудаггүй, шалгалтаа амжилтгүй өгдөг оюутнууд ирэх хичээлийн жилээс мөнгө авах нь хязгаарлагдана. Зарим хүмүүс валютын ханшин дээр шүүмжлэлтэй хандсан. Засгийн газрын холбогдох яамд нь валютын ханшийг 1384  төгрөгөөр байлгахын төлөө ажиллана гэсэн. Тэд чадна гэж байхад бид бууруулж чадахгүй гээд нэмж болохгүй. Валютын ханшийг бууруулахын төлөө ажилла, хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Хоёрдугаарт, практик талаас нь харвал валютын ханш 1740 хүрч байсан. Үүний дараа төв банк, холбогдох эдийн засгийн яамд арга хэмжээ авсны үр дүнд буцаад 1400 руугаа буусан байсан. Энэ жишгээр ажилла гэсэн үүрэг өгсөн. Түүнээс бус УИХ 1600 төгрөгөөр ханшийг төсөөлвөл энэ үнэ дээр тогтчихно. Хөрөнгө оруулалтын хувьд өнгөрсөн жилийнхээс буурч, 1,1 их наядаар хийнэ. Хамгийн гол нь эхэлсэн ажлуудаа дуусгахын төлөө ажиллана гэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

.

-96 объектийг энэ онд гүйцээж барихаар төсөвлөсөн үү?

-96 объектийн хувьд төсөв нь хүнд байгаа. Харин 144 объектийн хувьд 2014 онд 186 тэрбум төгрөг суулгасан. 96 объектийн хувь мөнгөний эх үүсвэр суулгахаар яригдаж байгаа. Бидний 2014 онд төлөвлөсөн орлого давж биелээд, эх үүсвэр нь бүрдэл дээрх объектийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Түүнээс бус төсөвлөгдсөн зүйл байхгүй. Нэгэнт эхэлсэн барилгыг орхихгүйн тулд  ингэж шийдсэн.

.

-Чингис бондын өрийг төлөхөөр төсөвт хэдэн төгрөг суутгасан бол?

-Чингис бондын хүүнд  төлөхөөр  74 сая ам.доллартай тэнцэх хэмжээний  төлбөр төлөхөөр 2014 оны төсөвт суулгасан. Төлбөрийг хуваарийн дагуу хийнэ. Үндсэн төлбөр нь 2017, 2022 онд төлөгдөнө.

.

-Төсөвт мөнгө байгаа юу?

-Тодотгосны дараа орлогын бүрдүүлэлт гайгүй байгаа. Санхүүжүүлэх бололцоотой. Бололцоогүй зүйлээ хассан.

.

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ