Жаргалын “сүүдэр” хүүхэд дээр тусах ёстой гэж үү ...
Монголчууд бид үндэсний соёл уламжлалаа хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх нь хамгаас чухал. Түүх сөхөж үзвэл бидний өвөг дээдэс хурдан морь, унаач хүүхдээ зовоохгүй тулд өвлийн улиралд наадам хийдэггүй байжээ. Харин XXI зуунд эсрэгээрээ. Тодруулбал, 20 гаруй жилийн өмнөөс өвөл, зунгүй хурдан морины уралдаан зохиох болж. Хамгийн эмгэнэлтэй нь адуугаар бус алдрай бяцхан үрсийнхээ халуун амиар наадаад байх юм.
5
Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 635 уралдаан болжээ. Энэ бол сум орон нутаг багийн түвшинд зохиогдсон бүх уралдааны нэгдсэн тоо. Уралдаанд давхардсан тоогоор 57 мянга гаруй морьтон хүүхэд уралдсан байна. Нэг хүүхэд дунджаар 3-5 насны морь унасан гэж үзэхэд 15-20 мянга орчим уралдаанч хүүхэд байна гэсэн үг. Уралдаанд оролцсон хүүхдүүдээс нийт 958 хүүхэд унаснаас 34 хүүхэд хүнд гэмтэж, зургаан хүүхэд эндсэн тоо баримт байна.
6
Энэхүү харамсалтай баримтаас үүдэн Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газрынхан хурдан морины унаач хүүхдэд анхаарах цаг болсон хэмээн шийдвэр гаргагч дарга нарт сануулах ажлыг хийж буй. Мөн Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдээр хурдан морь унуулах явдлыг “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” хэмээн үзэж, албан ёсоор хориглох саналаа ч Засгийн газарт тавиад амжсан. Хамгийн сүүлд л гэхэд Улсын их баяр наадмаар Архангай, Төв аймагт хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон. Цаашид унаач хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрхзүйн зохицуулалтыг яаралтай боловсруулах шаардлага ус, агаар шиг хэрэгтэй байгааг хаа хаанаа ухаарах цаг ирж.
6
Унаач хүүхдийн асуудлыг хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, үндэсний баяр наадмын тухай хууль, НҮБ-аас гаргасан бичиг гэх мэт дөрвөн үндсэн бичиг баримт, хуулиар зохицуулдаг юм байна. Үүнээс авч үзэхэд долоо болон түүнээс дээш настай хүүхдийг хурдан морь унахыг зөвшөөрсөн байдаг аж. Заавал өвлийн улиралд морь уралдуулах гээд байгаа юм бол энэ насыг өндөрсгөх шаардлагатай гэдэг саналыг Хүүхдийн төлөө үндэсний газраас гаргаж байгааг хоёр гараа өргөн дэмжих хэрэгтэй. Учир нь өвлийн цагт даагу уралддаггүй. Гэтэл долоон настай хүүхэд гэдэг 1-2 дугаар ангийн жаахан хүүхдүүд байдаг тул гэмтэж, бэртэх эрсдэл өндөр.
6
Энэ жилийн Хаврын морин уралдаан нэгдүгээр сарын 23-наас орон нутагт эхэлсэн. Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл 2014 он гарснаас хойш хоёрдугаар сарын 6 хүртэл нийт 67 уралдаан болж, давхардсан тоогоор 3623 хүүхэд хурдан морь унаж уралджээ.
7
Тэдний 27 нь мориноос унаж, нэг нь хүнд бэртсэн бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж, нэг нь тархиндаа хүнд гэмтэл авчээ. Түүнийг өдгөө тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Тэгвэл тус шинийн 15-нд Их-Уул суманд хангайн бүсийн азарга, их нас, соёолон морьдын уралдаан зохион байгуулахаар зарлаад байна.
6
Мөрөнд болсон уралдаанд уяачид 400 гаруй хурдан хүлгээ уралдуулахдаа бага насны хүүхдээр буюу хамгийн бага нь зургаан настай байсан аж. Архангай аймагт болсон долоон уралдаанд 620 хүүхэд морь унаж уралдсанаас дөрөв нь ойчиж, хөнгөн гэмтсэн бол Сэлэнгэд хоёр уралдаан болж, есөн хүүхэд мориноос унаж, хөнгөн гэмтсэн байна. Булганд 12 уралдаан болоход, 11 хүүхэд мориноос унаж хөнгөн бэртсэн байна.
6
Өвөрхангай аймагт зохион байгуулсан дөрвөн уралдааны үеэр хоёр хүүхэд ойчиж хөнгөн бэртжээ. Хөнгөн бэртлийг эс тооцож байгаа ч хүүхдийн амь насаар дэнчин тавьж наадаж байна. Цагаан сар ба хар нулимс шиг өвлийн морин уралдаан хэмээн нэрлэгддэг болох вий. Энэ асуудалд зөв зохицуулалт хийх цаг нь болсон. Жаргалын “сүүдэр” хүүхэд дээр тусах ёстой гэж үү ...
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ