Тэд гэр бүлдээ хайртай

img

Өчигдөр Нийслэлийн Хүүхэд залуучуудын соёлын төвийн Улаанбаатар чуулгад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Бид гэр бүлдээ хайртай” өдөрлөгт очсон юм. Хүүхдүүд “Чоно ба долоон ишиг” хүүхдийн жүжиг үзэхээр танхимд сууж байсан тул үүдэнд дэлгэн тавьсан үзэсгэлэнг хэсэг сонирхов. Өдөрлөгт оролцогч хүүхдүүд “Бид гэр бүлдээ хайртай” гэсэн гар зургийн болон баримлын шавраар урласан бүтээлээ дэлгэн тавьсан байх аж. Бүтээл бүр цаанаа л нэг чин сэтгэлээсээ, маш их хичээж урласан нь харагдаж байсан юм.

s

Хүүхдүүдийн уран бүтээлтэй танилцаад, тэрхүү арга хэмжээг зохион байгуулагчидтай уулзаж, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, AIFO олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйг мэдэж авав. Тус өдөрлөгт нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл болсон 200 гаруй хүүхэд ээж аавтайгаа ирсэн ажээ.

ы

Танхимд тоглогдож буй "Чоно ба долоон ишиг”жүжгийг үнэхээр сайн тоглож байлаа. Жүжигчдийн дүрийн хувиргалт, чадварлаг тоглолт, засвар хийж, шинэчлэгдсэн “Улаанбаатар” чуулгын тайз, хөгжмийн дуугаралт зэрэг нь үнэхээр сайхан болжээ. Гэхдээ тайзан дээр жүжигчдийн зүүн талд нэгэн эмэгтэй гарын хөдөлгөн зогсож байх нь содон харагдана. Тэр эмэгтэй үзэгчдийн суудалд суугаа  харааны, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд жүжгийг тйалбарлан өгч байгаа нь энэ аж. Танхим дүүрэн хүүхдийн чин сэтгэлийн инээд хөөр, баясал, жүжгийн баатруудтай ярилцах, зөвлөх,  хөгжилтэй үйлдлийг шоолох зэргээр халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байв.

ы

Удалгүй жүжиг дууслаа. Хүүхэд багачуудад ирж буй Олон улсын хүүхдийн баярын мэндийг хүргэж сайхан баярлаарай гэсэн мэндчилгээгээр энэхүү өдрийн арга хэмжээ өндөрлөн танхимын гэрэл асав. Тэр л үед үзэгч хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй өрөвдөж, хайрлах сэтгэл төрж, тэсэлгүй нулимс унагаж орхисон юм. Харааны бэрхшээлтэй хүү сонссон жүжгээ найзтайгаа ярьж, хэл ярианы бэрхшээлтэй охин дохионы хэлээр хажууд зогсох ээждээ жүжгээ тайлбарлана. Хар шил, цагаан таягтай хүү, тэргэнцэр дээр суусан хөөрхөн охин, ээждээ хөтлүүлсэн бөгтөр нуруутай охин гээд л та бидний өдөр тутамд хардаг, тааралдсан ч хажуугаар нь зөрөөд л өнгөрдөг хөгжлийн бэрхшээлтэй томчуудтай адил. Гэхдээ тэд бол хүүхэд. Тэдний нүд гэрэлтэж, сэтгэл догдолж байгаа нь мэдрэгдэж байсан.

ый

Хувь тавилан ч юм уу хайхрамжгүй нэгний хор уршгаар ч юм үү тэдгээр хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нэрлэгдэх болсон. Монгол Улсын хэмжээнд 130 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 30 мянга орчим нь 0-16 насны хүүхэд  байдаг гэсэн тоо бий. Харин энэхүү өдөрлөгт оролцсон хүүхдүүд тэдний төлөөлөл. Хүүхдүүд танхимаас гарахдаа зохион байгуулагчдын бэлэглэсэн бэлгийг тэвэрч, өвөр дээрээ тавьж, ээж аавдаа  бариулаад  гэр гэрийн зүг явцгаасан юм.

ы

Хүүхдүүдийг хэсэг харж зогсоод ажлынхаа зүг алхаж явахдаа хүүхэд л бол хүүхэд. Ээжийн аавын амьдралын үргэлжлэл, гэгээхэн ертөнцийн эзэд нь болж яваа эдгээр хүүхдүүд ямар байгаадаа шаналдаггүй. Гэгцхүү тэдэнд хайр л хэрэгтэй. Хүүхэд бүр ээж аавдаа юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ гэдгээ мэдэрч  байвал тэдний аз жаргал. Тиймдээ ч өдөрлөгийн нэр “Бид гэр бүлдээ хайртай” байсан болов уу хэмээн бодож явав.

й

Тэгтэл 30 гаруй насны нэг эмэгтэй “Хамгийн ойрын автобусны буудал хаана байгааг асуулаа. Хүүгээ хөтөлсөн тэр эмэгтэй “Бид гэр бүлдээ хайртай” өдөрлөгөөс гарч ирсэн ажээ. Зам зааж өгөнгөө хамт алхахдаа халган байж хүү нь ямар өвчтэйг асуувал “Хоёр сартайдаа менингит тусаад унаж татдаг болчихсон юм. Одоо 13 настай. Хүүгийн маань тариа их үнэтэй. Ховор. Тэрийг нь авах гээд Саппоро зүг явах гэсэн юм. Хүү маань жилд 2-3 удаа унадаг. Аз болоход хүү маань жирийн сургуульд явдаг. Багш нь өвчнийг нь мэддэг болохоор унаж татах үед нь тархи толгойгоо гэмтээчихгүй байх тал дээр нь анхаардагт баярладаг. Ийм өвчтэй хүүхэд чинь эмчилгээ байхгүй. Унаж татсан үед нь хүчээр сэргээнэ гэсэн ойлголт байхгүй. Хэзээ бие нь тавирна тэр цагт л сэргэдэг юм. Хүү маань урт удаан л наслаж байвал эмний өндөр үнэ, унаж татах хамаагүй ээ” хэмээн тэр эмэгтэй хэлж байсан юм. Түүний яриаг чагнаж явахдаа тэвчээр хатуужил, үрээ гэсэн эхийн сэтгэл ямар агуу байдгийг мэдэрсэн.  Хүүг харахад жирийн хүүхэд шиг, сэргэлэн цовоо. Гэвч гэнэт л унаж татаж ээжийгээ, эргэн тойронд байгаа хүмүүсийг сандраадаг гээд бодохоор өрөвдмөөр ч юм шиг.

й

Амьдралын, магадгүй хувь тавилангийн учигаар зарим хүүхдүүд өнөөдөр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй аль эсвэл олдмол бэрхшээлтэй болж байна. Гэсэн ч эцэг эх, гэр бүл нь тэднийгээ илүү ихээр хайрлаж, илүү урт удаан наслаж, аз жаргалтай, инээд хөөртэй, өөрийгөө бусад хүүхэд шиг байж чадахгүй байгаадаа битгий эмзэглээсэй хэмээн өдөр бүр хичээж хөдөлмөрлөж яваа. Гэтэл эрүүл саруул төрж, өсөж яваа алдрай бяцхан үрээ гудамжинд орхидог ээж, хэн нэгэнд дурлалаа гээд орхиод явдаг аав, өхөөрдөж хайрлах байтал хазаж, гэмтээдэг, зүсдэг, хөнөөдөг аав ээжүүд нийгэмд нэмэгдэж байгаад харамсаж байна.

ый

“Зараа хүүхдээ өргөсгүй гэж боддог юм гэнэ лээ” гэж эмээ минь бага байхад хэлдэг байсансан. Үнэхээр хүний үр хүүхэд гэдэг энэ амьдралын үргэлжлэл. Хүүхэд тань ямар байх нь хамаагүй. Өр зүрхнээс хайр ундруулж энэ орчлонд мэндэлдэг тэдэнд буруу байх учиргүй. Тэдний нүд хайраар гэрэлтэж байх ёстой. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хатуу үг хэлж, хэн нэгэнтэй зүйрлэх нь бий. Гэтэл тэд таны үр болон мэндэлсэн нь л бэлэг гэж хүлээн авдаг байгаасай. Хүүхэд бүхэн ээж аавдаа хайртай байдаг. Загнаж, уурлаж, буруутгах бүр тэдний атгахан зүрх гомдлоор дүүрч, өөртөө итгэлгүй, хайраар дутсан нэгэн болон өсдөг гэдгийг битгий мартаарай, хүмүүс минь...

ы

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mynguujin:
martmaargui. l. baina
2014-05-28
kkkkkkkkkkkkkkkkk:
ger bul gedeg n orchin ued hamt olonch baih estoi
2014-05-23