Наадмын сонин
Жил жилийн наадам олныг шуугиулсан өөрийн гэсэн сонин содон өвөрмөц өнгө төрхтэй болдог.
б
Энэ наадмын сонины хачны салхийг хагалсан нь нээлтийн арга хэмжээний үеэр Харангын Лхагвасүрэн гавьяатын морьтойгоо ойчих “үзүүлбэр” байлаа. Үзүүлбэр гэсний учир нь өнгөрсөн жилийн наадмаар гавьяат мөн л морьтойгоо унах шахсан үзүүлбэрийг харуулсан бөгөөд үүнд нь наадамчид тийм ч их инээж хөгжөөгүй юм. Энэ жил харин нэлээд инээлдэж, шоолох шиг болсон. Дараа жил дахин ингэж унавал харин уурлаж ч магад. Аливаа үзүүлбэр нэг хэлбэрээр олон давтагдвал олон түмэн уйдна.
б
Нээлтийн ажиллагааны удаах сюрпризэд “Хонхны дуу”-тай цэнгээнт бүжгийн үзүүлбэр байлаа. 90-ээд он, цагаан морин жилийг наадмын нээлтэд ийн дуурсуулах нь ямар утга жанцантайг хүн бүр тааж тайлж чадаагүй ч энэ нь шинэлэг гэхээсээ туйлширсан асуудал болж иргэд шуугилдаад явчих шиг болсон.
б
Нэгэн цагийн эргэлт, ардчилал шинэчлэлийн туг болсон энэ дуунд ард түмэн хүндэтгэлтэй хандах ч төрт ёсны их наадмын нээлтэд эгшиглэх нь хэр таатай болох тухайд талцсан гэж болох маргааныг дагуулаад авсан. Наадмын нээлтэд вальс бүжгийн фоннтой явсан “Хонхны дуу” ардын их цэнгэл наадмыг улс төржүүлэх гээд ч байгаа юм шиг гэсэн эгдүүцлийг зарим иргэнд төрүүлсэн байх. Жил бүр 250-300 сая төгрөгийг атгаж баяр наадмын нээлтийг дэглэдэг дархлагдсан найруулагч Д.Сосорбарам /төрийн соёрхолт, гавьяат жүжигчин/ гуай энэ талаар нь асуусан сэтгүүлчдийг бөхийн өргөөний сэтгэлгээгээр сэтгэгчид гэх шахаад эгдүүцлээ барьж ядаж байгаа нь анзаарагдсан. Ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн гавьяатын хувьд өөрийг нь шүүмжилсэнд эгдүүцэхийг нь ойлгож болох ч татвар төлөгчдийн буюу ард түмний мөнгөөр энэхүү наадмын нээлт босдогийг мартаж боломгүй. Өргөн олон Со гавьяатыг сайн уран бүтээлч, ардчиллыг тууштай дэмжигч гэдгийг зөвшөөрөх ч өөрийн улс төрийн итгэл үнэмшил, амбицаа шингээсэн шоу концерт хийгээд ардын наадмыг улс төржүүлж, талцлын салхи босгоод байхад тийм ч таатай хандахгүй гэдгийг ойлгох учиртай байх. Ер нь дараагийн наадмын нээлтээр бусаддаа боломж олгож, багаар найруулж тавьдаг болмоор санагдана. Энэ нь тулхтай ухаантай хүнээс гарах хараа хол, жинхэнэ ардчилсан шийд болох юм.
б
Наадмын өдрүүдэд ерөнхийдөө цэнгэлдэхийн уур амьсгал эерэг, шинэ сандалдаа шагийн билетээр тухалсан ч наадамчдын сэтгэл өндөр байгаа нь харагдсан.
б
Монгол Улсын Ерөнхийлөгч наадмын нээлт дээр урьдын уламжлалт олон сайхан ерөөл билэгдлээ илэрхийлсэн үгээ хэлэхдээ Монгол хүн морио унаж байя гэсэн нэгэн шинэ уриалгыг ард түмэндээ давхар хэлсэн нь шинэлэг байлаа. Түүний бүх нийтээр архи биш сүү өргөж баярладаг болох тухай уриа сар шинийн ширээнээс архийг халахад том түлхэц өгснийг олон нийт үнэлж сайшааж байдаг. Сэдвээсээ ялихгүй хадуурахад өнөө цагт хөдөө тал дүүрэн мотоцикль, портер байхаас хүлэг морио унасан эрчүүд бараг харагдахаа байсан нь бодит байдал.
б
Яах аргагүй ярих наадмын удаах нэг сонин бол тавын даваа хүртэлх бөхийн барилдааны элдэв зураг байлаа. Бөхийн талбайд шуугиан тарьсан эхний бөх бол Дархан аварга А.Сүхбатын гурвын даваанд үе чацуу аварга Г.Өсөхбаярыгаа амлан авсан зар байлаа. Нарийн ширийнийг сайн тунгаахгүй зарим нэгэнд бол үнэхээр сонин сураг байлаа. Энэ нь цаанаа элдэв санаа тооцоогүй, цэвэр монгол бөхийн жудаг харуулж дүү аваргадаа хүндлэл үзүүлсэн сайхан тайлал болж А.Сүхбат аварга барилдалгүй тахимаа өгснөөр намжив.
б
Дам сургаар 200 сая төгрөгийн үнэ ханшинд хүрсэн гэх начин цолонд ойртох дөрвийн даваанд залуу бөхчүүд галтай барилдаан бас халтай авир ааш гаргаж наадамчдыг шуугиулав. Тахимаа өгөхгүй гэдийх моод энэ удаад бол гайгүй хэрэг болж залуу бөхчүүд нэг нэгнийхээ нүүр амыг дэлсэх, түлхэх зэргээр бараг л барьцалдах шахуу болсон тохиолдлыг наадамчин олон харж шуугилдлаа. Бас ихээр харамслаа. Наадамтай зэрэгцэн болсон хөл бөмбөгийн аваргын тоглолт дээр хүн хазсан нэг нөхөр талбайгаас шууд хөөгдсөн. Дараа нь уучлалт гуйсан. Харин манай хавирдаг, алгаддаг болчихоод байгаа авир, их бөхчүүд наадамчин олноосоо байг гэхэд ядаж л бие биенээсээ уучлалт гуйсан байгаасай даа. Наадмын ногоон дэнж дээр өрж, даваа ахиулж, туг тойрох гэдэг бөх хүн болсны нэгэн утга, бахдал мөн биз. Харин даваа цолонд улайрч жудгаа гээгээд байвал Монгол бөхийн уламжлал юу болох бол гэсэн эмзэглэл олны сэтгэлд үлдлээ.
б
Жил бүр болдог бөхийн таавар энэ жил ёстой сураггүй гэдэг болсон талаар мөн бөх сонирхогчид шуугилаа. Шөвгийн найм, үзүүр түрүүнд нэр багтсан аварга, арслан хүчтэнүүд бүгд доогуур даваанд өвдөг шороодлоо. Энэ нь нэг талдаа залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байгаа үзэгдэл боловч нөгөө талдаа бөхчүүд маань нэгэн удаагийн амжилт бай шагналдаа сэтгэл ханаж, чансаагаа ахиулж олноо баясгахдаа хойрго болсон гэх шүүмж дагуулж байна.
б
Хүй долоон худгийн орчин ахуй болоод хурдан буяны уралдаан сайхан болдог болжээ гэж хүмүүс ам сайтай байлаа. Гэхдээ бас олон уяач, наадамчдын сэтгэлийг зовоосон нэг эмзэглэл сүрхий яригдаж байлаа. Энэ нь аль ч насанд жилээс жилд монгол морь багтах нь багасаж эрлийз морьдууд элдэв зайлхайгаар уралддаг болсон талаарх яриа. Үүнд энэ жилийн дааганууд ямар том биетэй хол харайлттай болсныг хэлэхэд хангалттай. Сая давхисан хурдан даагануудын бараг 90 хувь нь эрлийз талдаа дааганууд байна гэж телевизийн тайлбарлагч харамсан өгүүлсэн нь зүгээр ч нэг яриа биш байх.
б
Ид наадмын цагаар Төв цэнгэлдэхэд цахилгаан тасарч хуушуурын үнэ огцом өсөж 1500 төгрөгт хүрсэн нь хуушуур хийгч иргэд хийгээд хуушуур хайсан наадамчдын хэн хэнийг нь тавгүйтүүлээд авсан тухай телевизээр мэдээллээ. Харин Хүй долоон худагт энэнээс хэцүү нэг эвгүй хүндрэл бий болсон тухай аль телевизээр гарсангүй. Нэг их яриад байх ч сэдэв бас биш л дээ. Энэ нь хүй долоон худгийн “00”-ийн асуудал. Хүй долоон худгийн талбайн хэд хэдэн газар тахиралдаж мушгирсан олон хүний дараалал харагдах нь нь айраг хуушуурынх биш “00”-д орох хүмүүсийн хүлээлт байсан гэнэ. “Цаг хорин минут дугаарлаж байж нэг морь харлаа” гэсэн наадамчин ууж идэхээ татаж эхэлж байгаа нь бас л хэцүү санагдсан. Хүй долоо худагийн орчимд байх “ноль”-ийн гадна “тамхи татдаг хүн байвал урдуураа оруулья” гэх сонин зар ч сонсогдож байсан гэнэ. Учрыг асуувал “00” дотор нь удаан суухад үнэр танар тун бэрх болсон тул зарим нэг нь урдаа тамхины утаа тавиулах талаар анхаарч эхэлсэн нь энэ гэнэ. Энэ ч хэцүү юм байна даа гэж нэгэн наадамчны өгүүлсэн зовлонг хуваалцахад тэрбээр ”мань яах вэ ингээд ойлгоод аргалаад байна. Нөгөө гадаадын төлөөлөгч жуулчид одоо яаж болж, манийгаа юу гэж байгаа бол хөөрхийс. Тэдэнд ядаж тусад нь юм бэлдсэн байгаа даа” гэж төрийн төлөө оготно гэсэн үгийг санагдуулав.
б
Сайхан баярын өнгийг бараан бохирт хутгах гэсэнгүй. Наадмын зохион байгуулалт тойрсон энэ мэт асуудал, алдаа оноо байсныг огт дурдахгүй өнгөрвөл үнэнээс холдох байх.
б
Сайн гэж хэлэх нэг зүйл бол энэ жил улсын наадамд мориноос унасан эндсэн хүүхдийн асуудал нэг их гарсангүй өнгөрөх шиг боллоо. Одоо харин шилээ даран цуврах тэгш ойт сумын наадмууд дээр л морины хүүхдийн хамгаалалт хэрэгслийн шаардлага, хяналтыг сайн тавих хэрэгтэй байх. Тэнд л орон нутагтаа дарвиж хөөрсөн уяачид хүүхдийн амь эндээчих гээд байдгийг хаана хаанаа анхаарах хэрэгтэй юм.
б
Тэнгэрийн өнгө таалал сайхан, салхины чиг зөв нар хур тэгш, бэрхшээл хүндрэл багатай сайхан наадам боллоо гэж олны ам зөв байсныг баяр наадмын зохион байгуулагчид, цагдаа хүчнийхэн, түргэн тусламж, онцгой байдлын албаныхан, үйлчилгээ цэвэрлэгээ, харуул хамгаалалт хийсэн арын албанд зүтгэсэн нийт ажилчин албан хаагчид, нийтийн тээврийнхэн зэрэг бүх хамт олонд дамжуулан хэлье.
б
Та бүхний оролцоо зүтгэлээр нэгэн зуны наадмын нуруу тэгш байж, цэгцтэй сайхан талдаа болж өнгөрлөө. Жилдээ нэг болдог баяр наадмын жигтэй сониноос товч тоймлон хүргэлээ.
б
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ