Б.Болдсайхан: Гадагшаа явж эмчлүүлдэг 60 мянган монголын 90 хувь нь эх орондоо эмчлүүлнэ
“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхантай ярилцлаа. Тус эмнэлэг Тайландын Бумрунград эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлж, Дэлхийн ТОП-10 эмнэлгийн салбар болон ажиллаж байна.
6

-Бумрунград эмнэлгээс санал тавьсан. Бумрунградад жилдээ 1.2 сая хүн үйлчлүүлдэг маш том эмнэлэг. Тэдний талаас илүү хувь нь АНУ, Орос, Араб, Хятадын иргэд. Үүнээс гадна хажууханд нь 110 сая хүн амтай Вьетнам, 200 сая хүнтэй Индонез, 1.3 тэрбум хүнтэй Хятад зэрэг том зах зээлүүд байхад тэрийг алгасаад 3 сая хүрэхгүй хүн амтай Монголыг сонгосон нь маш том учир шалтгаантай. Хамгийн эхний шалтгаан нь манай эмнэлгийн эмч, сувилагч нар тэр улсуудад байхгүй түвшинд ажиллаж байгаа. Азиас Европ хүрэх орон зайд Вьетнам, Монголын эмч нар л бидэнтэй хамтарч ажиллах түвшинд хүрсэн байна хэмээн Бумрунградынхан дүгнэсэн байдаг. Хоёрдугаар шалтгаан нь Монгол Улсын ирээдүйд итгэж байна. 3-4 жилийн дотор манай улсын нэг хүнд оногдох орлого хоёр дахин өснө. Энэ өсөлттэй хамт орж ирээд өсөхийг хүссэн. Зөвхөн монголчуудад биш бүс нутагтаа үйлчлэх эмнэлэг болох зорилгоор орж ирж байгаа.
6
Дэлхийн том эмнэлгүүдээс яагаад Бумрунградын саналыг хүлээн авав?
-Бумрунград бол дэлхийн шилдэг эмнэлгүүдийн нэг. Олон улсын судалгаа, “Тime” сэтгүүлийн санал асуулга, мэргэжлийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр хоёр, гурван ч удаа дэлхийн шилдэг эмнэлгээр шалгарч байсан. Бас нэг онцлог нь Medical tourism буюу эрүүл мэндийн жуулчлалыг санаачилсан эмнэлэг. Менежментийг нь америкчууд хийдэг ч Азийн эмнэлэг гэдгээрээ бидэнд ойр.
Япон, Америкийн зэргээр манайхтай хамтарч ажиллахыг хүссэн олон эмнэлгүүд байсан л даа. Гэвч тухайн улсынхаа дундаж эмнэлэг байсан учраас бид татгалзаж, Тайландын Бумрунградыг сонгосон.
5
-Хамтын ажиллагааны анхны яриа хэлэлцээр хэзээ хийгдэв?
-Хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Хоёр жилийн турш ярилцаж, судалгаа хийж, төлөвлөн, эмнэлгийн үйл ажиллагаатай харилцан танилцсан. Тэгээд аль ч талаараа бид хамтран ажиллах боломжтой гээд сонгосон.
6
-Таны хэлдгээр бидэнд харьцангуй ойр учраас монголчууд их очдог байх?
-Бумрунград дээр монголчууд эмчилгээ хийлгэх гэж маш их очдог. Монголчуудын зорьж очдогоороо Солонгосын дараа хоёрдугаарт ордог эмнэлэг. Тиймээс нэг жилд 50, 60 мянгаараа хүний нутгийг зорьдог монголчуудын тоог багасгахыг хүссэн. Үүнээс гадна гадаадын эмнэлгийг харж, гайхаж ангайх биш өөрсдөө тэрний дайтай эмнэлэгтэй болъё. Бид гадагшаа гарч гайхах биш, гадныхан ирээд “Монголын эмнэлэг” гэж ярьдаг болгох хүсэл байсан. Монголчууд гадагшаа явах биш гадныхан манайд ирж эмчлүүлдэг болгох зорилго тавиад ажиллаж байна.
5
-Улаанбаатар Сонгдо эмнэлэг Бумрунградтай ямар хугацаанд хамтран ажиллах вэ? Энэ хугацааны төлөвлөгөөний талаар тодруулбал?
-Бумрунград эмнэлэг манай 51 хувь дээр орж ирж байгаа. Тэгэхээр эмнэлгийг удирдаж, менежментийг нь хийгээд, эмчилгээ, чанар, сувилгаа, үйлчилгээ зэргээр бүх зүйлийг өөрийнхөө стандартад хүргэхээр ажиллана. Одоо манай эмнэлгийн даргаар Бумрунградаас ирсэн хүн ажиллаж байгаа. Менежер, санхүүч, бас нэг сувилагч, хоёр эмч ирсэн, ажиллаж байна.
Эхний ээлжинд 2-5 жилийн төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна. Энэ хугацаанд бүх үйлчилгээг Бумрунградын стандартад хүргэнэ. Эмнэлгээ өргөтгөж, гурав дахин том болгоно. Ингэснээр монголчууд заавал гадагшаа явах шаардлагагүй, эх орондоо эмчлүүлнэ. Тэр байтугай Хятадын хойд мужуудаас эхлээд Уралын нуруу хүртэлх оросууд, Дундаж Азийнхан ирж эмчлүүлдэг эмнэлэг болгохыг зорьж байна.
6
-Тэгэхээр Тайландын Бумрунградын бүх эмчилгээ үйлчилгээг эх орондоо бүрэн авна гэсэн үг үү?
-Ихэнхийг нь. Бүгдийг нь бол бид чадахгүй. Дэлхийн ямар ч эмнэлэг бүх төрлийн эмчилгээг хийдэггүй. Тэр тусмаа манайх шиг жижиг улсад бүгдийг хийж чадахгүй.
6
-Хамтын ажиллагааны хүрээнд ямар эмчилгээ үйлчилгээнд ахиц дэвшил гарах вэ? Өөрөөр хэлбэл ямар эмгэгт түлхүү анхаарч ажиллах вэ?
-Манай иргэдийг гадагшаа явж эмчлүүлдэг үндсэн арваад чиглэлийн өвчин эмгэгт түлхүү анхаарна. Тухайлбал, хэвлий, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, нуруу нугас, зүрх, хамар хоолой, үе мөч, эмэгтэйчүүдийн өвчлөлийн мэс заслуудаас гадна хавдрууд байна. Одоо ч энэ чиглэлүүдээр ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжөө шинэчлэн, илүү өргөтгөж ажиллана.
6
-Тэгэхээр заавал гадагшаа явж эмчилгээ хийлгэдэг 30 гаруй өвчний жагсаалтаас хэд нь хасагдана гэсэн үг үү?
-7-8 өвчин хасагдана.
6
-Хамтын ажиллагааг өргөн хүрээнд харж, Монголын эрүүл мэндийн салбарт гарах ахиц дэвшлийг тодорхойлбол?
-Ямар ч салбар тэргүүнд яваа нэгнээ дагаж, сурч явдаг. Дээр дурдсан мэс заслуудыг бид хийж эхэлснээр бусад эмнэлгийн эмч нар суралцана. Манайх бүдүүн, шулуун гэдэс, ходоодны дурангийн 14 хагалгаа хийдэг. Монголын бүх эмчийг жилдээ хоёр удаа авчирч, гадны эмч нартай хамтарч, семинар зохион байгуулдаг. Ингэхдээ зургаар биш хүн дээр хагалгаа хийж, туршлагаасаа хуваалцдаг. Сувилгаан дээр ч ялгаагүй. Сувилагчийн сургуулийн багш нар, оюутнууд манайд ирж дадлага хийдэг. Нэг эмнэлгийн стандарт дээшээ ахихад бусад нь дагаад, сураад, өрсөлдөөд явдаг.
6
-Гадны эмч нар ажиллаж, өөр стандартаар ажиллахаар танай эмнэлгийн эмчилгээний зардалд өөрчлөлт орох уу?
-Одоогоор өөрчлөлт ороогүй байна. Манай эмчилгээний зардал бусад хувийн эмнэлгүүдээс ялгаатай. Манайд ихэнх хүн гурван хоног хэвтдэг. Яг хэвтэх хоногийн эмчилгээ, оношлогоо, хагалгааны зардлаа төлдөг. Тэр нь 300 мянга эсвэл 3 сая ч болж магадгүй. Америкийн эмнэлгүүд ямар аргачлалаар боддог тэр аргаар боддог. Онцлог нь тав дахин хямд.
6
-2-5 жилийн хамтын ажиллагааны дараа Улаанбаатар Сонгдо эмнэлэг ямар болсон байх бол. Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Хоёр жилийн дотор бүх үйлчилгээ, сувилгаа, оношлогоо, эмчилгээний стандартаа Бумрунградын түвшинд хүргэнэ. Шинэ өргөтгөлөө барина. Харин таван жилийн дараа гэхэд миний төсөөлж байгаагаар гадагшаа явж эмчлүүлдэг 60 мянган монголчуудын 90 хувь нь явах шаардлагагүй болно. Бас Дундад Азийнхан манайд ирж эмчлүүлнэ. Яг үүнд зориулсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
5
Ружапон Сукебот: Элэгний С, В вирусын оношлогоо эмчилгээг Бумрунградын стандартаар хийнэ
6
Бумрунград олон улсын эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, доктор Ружапон Сукебот тэргүүтэй эмч, сувилагч нар Улаанбаатар Сонгдо эмнэлэгт ажиллаж байна. Бумрунград эмнэлэгт нэг жилд 7 000 орчим монголчууд очиж, эмчлүүлдэг. Тэдний ихэнх нь хоол боловсруулах системийн өвчлөлтэй байдаг аж. Тиймээс эхний ээлжинд энэ чиглэлийн өвчлөлд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар Ружапон Сукебот эмчтэй ярилцлаа.
6
-Бумрунград эмнэлэг Монголыг тэр дундаа Улаанбаатар Сонгдо эмнэлгийг сонгон хамтран ажиллах болсны шалтгаан юу вэ?
-Бумрунградад маш олон монголчууд очдог учраас бид энд зах зээл байна гэж үзээд Монголд орж ирсэн. Тэр дундаа эмч, тоног төхөөрөмж зэргээрээ хамгийн боломжтой нь Сонгдо хэмээн үзэж, энэ эмнэлгийг сонгон хамтран ажиллахаар болсон. Манай эмнэлэгт ханддаг монголчуудын ихэнх хувь нь хоол боловсруулах эрхтний өвчлөлөөр ирдэг. Тиймээс энэ талаар түлхүү ажиллах хэрэгтэй гэж үзсэн учраас энэ чиглэлийн эмч нар эхний ээлжийн баг болон ирсэн. Одоо бид Сонгдогийн эмч нартай харилцан ярилцлага, уулзалтууд хийж, туршлагаа солилцож байна. Бидний гол зорилго бол Сонгдог олон улсын стандартын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болгох. Бумрунградын эрүүл мэндийн сүлжээний нэг салбар болгоно. Ингэхдээ боломжит бүх эмчилгээг Сонгдо эмнэлэг дээр хийнэ. Үнэхээр хүндэрсэн, оношлоход хүнд тохиолдолд Бумрунград руу явуулна гэсэн зорилготой ажиллаж байна.
6
-Хоол боловсруулах эрхтний олон өвчин эмгэг бий. Тэгвэл хамтын ажиллагааны хүрээнд энэ чиглэлийн ямар өвчнийг бүрэн оношилж, эмчлэх вэ?
-Бидэнд ханддаг монголчуудын ихэнх нь элэгний С, В вирус, хатуурал, хорт хавдар гэсэн өвчнөөр ирдэг. Тэрнээс гадна ходоодны хавдраар маш их ирдэг. Тиймээс боловсруулах эрхтнүүдээс эхний ээлжинд элгийг онцолж үзээд, элэгний С, В вирусын оношлогоо эмчилгээг Бумрунградын стандартаар хийнэ.
6
-Эхний ээлжийн багт хэдэн эмч, сувилагч багтсан вэ?
-Хоёр эмч, нэг сувилагч ирсэн байгаа.
6
-Хамтын ажиллагааны шугамаар Тайландын Бумрунград руу явуулсан өвчтөнд ямар нэг хөнгөлөлт байх уу?
-Би эмч учраас санхүүгийн нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Бидний салбараас ирж байгаа гэдэг үүднээс тийм боломж бий гэж бодож байна.
6
-Бумрунградын стандартын эмчилгээ хэзээнээс эхлэх вэ?
-Сонгдо эмнэлгийн одоогийн явуулж байгаа эмчилгээ, үйлчилгээг нь өндөр түвшинд аваачихын тулд ажиллана. Стандартыг дээшлүүлэхэд тодорхой хугацаа орох учраас яг одоо Бумрунградын стандартаар эмчилгээ хийгдэж байна гэж хэлэхэд өрөөсгөл. Харин хоёр жилийн дараа Бумрунградын салбар эмнэлэг буюу олон улсын магадлан итгэмжлэлтэй байгууллагын итгэмжлэлтэй эмнэлэг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа Бумрунградын стандартын эмчилгээ үйлчилгээ, орчинтой эмнэлэг Улаанбаатарт бий болно гэж ойлгож болно.
6
-Сонгдо эмнэлгийн өнөөгийн оношлогоо эмчилгээ ямар байгаа бол? Тэр дундаа хоол боловсруулах эрхтний чиглэлийн?
-Бид анх орж ирэхдээ нэлээд хэдэн хувийн эмнэлгийг судалсан. Тэр дундаас Сонгдо эмнэлгийг бид хамгийн сайн эмчилгээ, үйлчилгээ хийдэг гэдэг үүднээс сонгосон. Монголдоо бол хамгийн боломжийн хэмжээний үзлэг оношлогоо хийдэг эмнэлэг гэж үзэж болно. Гэхдээ олон улсын стандартад хүрээгүй. Тэр стандартад хүргэхийн тулд Бумрунградаас менежментийн бүтэн баг ирсэн, ажиллаж байна.
6
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ