Лос Анжелест хятад оюутан амиа алджээ
АНУ-ын Лос Анжелес хотод байрлах “University of California” их сургуулийн оюутан 24 настай Хин Ран гэх залуугийн цогцос тус сургуулийн оюутны хотхоны дэргэдээс олдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлээ. Түүнийг долоон удаа хутгалж амийг нь хөнөөсөн гэж цагдаагийнхан мэдэгдэв.
Хин Раны амь насыг хөнөөсөн байж болзошгүй 17-19 насны гурван хүү болон 16 настай нэг охиныг баривчилж мэдүүлэгч авч эхэлжээ. Цагдаагийнхны таамаглаж буйгаар энэхүү аллага шунахайн зорилготой хэмээв. Хин Раны гар утас болон түрүүвч, цаг, бугуйвч зэрэг үнэд хүрэх зүйлс нь алга болж олдохгүй байгаа аж. Харин тус сургуулийн удирдлагууд энэхүү хэрэгт “University of California” их сургуулийн оюутнууд ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж оюутны хотхонд сүүлийн 10 жил ямар ч гэмт хэрэг гараагүй гэв.
Хятад улсын иргэн Хин Ран нь тус сургуулийн Улс төр, илтгэх урлагийн хоёрдугаар дамжааны оюутан аж. Энэхүү хэргээс гадна 2012 онд техник технологийн гуравдугаар дамжааны И Хан, Шин Вай гэх хоёр хятад оюутан сургуулийн байрны гадна 14 удаа буудуулж амиа алдсан байдалтай олдож байжээ. Тиймээс тус сургуульд суралцаж буй хятад оюутнуудыг оройн цагаар өрөөнөөсөө гарахгүй байхыг сургуулийн захиргаанаас мэдэгджээ. “University of California” сургуульд гадаадын 19 мянган оюутан суралцдаг бөгөөд тэдний долоон мянган нь хятад оюутан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ