Израйль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийн дайчдад алуулсан Израйль гурван хүүгийн үхлээс үүдэж тус улсын Засгийн газар Газын зурвас руу гурван долоо хоногийн хугацаанд 200 гаруй удаа пуужин харваж, цохилт өгсөн юм. Энэхүү гэнэтийн дайралтаас үүдэж Палестины Газын зурваст амьдарч буй 1014 иргэн амиа алдаж 5000 гаруй иргэн гэмтсэн билээ. Тэгвэл Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, “Хамас” бүлэглэлд цохилт өгсөөр байх болно хэмээн мэдэгджээ.
1
Тэрбээр “Палестины “Хамас” бүлэглэлийг одоо л хөрстэй нь тэгшлэхгүй бол дараа нь бидэнд боломж олдохгүй. Тиймээс бид улайран дайрч байна. Үнэндээ бидэнд сонголт байхгүй байна. “Хамас” бүлэглэлтэй өнөөдөр хэлэлцээр хийсэн ч маргааш тэд халдлага үйлдэнэ. Одоо л зогсоохгүй бол тэдний гарт олон мянган Израйлчууд харамсалтайгаар амиа алдсаар байх болно. Тиймээс манай улсын явуулж буй бодлогыг олон улс шүүмжлэхгүй байхыг хүсье” хэмээжээ.
Харин Палестины Засгийн газар Израйль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэний дараа НҮБ-д мэдэгдэл явуулж, тусламж хүссэн байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийнхөн энэ сарын 7-нд Газын зурваст очих юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ