Гагагийн зурагтай сэтгүүл рекорд эвдэнэ гэв
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн дуучин Лейди Гагагийн зурагтай “Bazaar” сэтгүүл борлуулалтаараа рекорд эвдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус сэтгүүл худалдаанд гараад нэг долоо хоногийн дотор 70 мянган хувь борлогдсон байна. Гага сэтгүүлийн нүүрэнд Пет хэмээх нохойтойгоо зургаа авахуулжээ.
Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жустина Пикардие “Гагагийн өвөрмөц шийдэлтэй зурагтай сэтгүүл ганцхан долоо хоногийн дотор 20 хоногийн нормоо биелүүллээ. Үнэхээр гайхалтай. Улам их борлогдоно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
“Bazaar”-ийн түүхэнд супер модель Синди Кроуфорд, жүжигчин Пенелопа Круз болон Кейт Винслетийн зурагтай сэтгүүл 250 мянган хувь борлогдож байжээ. Харин сэтгүүлийн редакци энэ сарын дугаарыг тэдний рекордыг эвдэнэ хэмээн таамаглаж буй.
Дуучин Лейди Гага энэ сарын 18-нд Япон улсад тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн “Yes Lady Gaga” хэмээх аялан тоглолтоо хийж буй юм. Гага дэлхийн 19 орны 5.7 сая фэнүүддээ ая дуугаа хүргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ