Украины 438 цэрэг Оросоос орогнол хүсчээ
Украины 438 цэргийн албан хаагчид Оросын Ростов мужид ирж, Оросын засаг захиргаанаас орогнол хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж Ростов мужийн хил хамгаалах албаны төлөөлөгч Василий Малаев “Орт 1” телевизэд ярилцлага өгсөн байна. Тэрбээр “2014 оны наймдугаар сарын 3-ны оройн 22.00 цагийн орчимд Украины армид хүчин зүтгэдэг 438 цэрэг Ростов мужид нэвтэрсэн. Тэд 200 метрийн цаана галт зэвсэгээ үлдээсэн гэдгээ баталсан. Мөн 200 гаруй цэрэг Оросын хил орчимд майхан барьж амьдарч буй. Оросын хил хамгаалагчид тэднийг хоол хүнсээр хангаж байгаа. Тэд бүгд аюулгүй” гэжээ.
.
Оросын эрх баригчид орогнол хүссэн Украины цэргүүдэд зөвшөөрөл олгосон байна. Тэд Украины зүүн хязгаарт болж буй хямралтай холбоотойгоор цэргүүд үүрэгт ажлаасаа татгалзжээ.Орогнол хүссэн нэг цэрэг “Украинчууд бид хоорондоо алалцаж байна. Бид нэг нэгнээ хөнөөж байна. Заримдаа биднийг ямар ч гэмгүй хотын иргэдийг хөнөөхийг тушаадаг” гэж “kyvpost.com” сайтад ярьсан байна.
.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Оросоос орогнол хүссэн цэргүүдийг урвагч” хэмээжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ