41.5 ИХ НАЯДЫН ТӨСӨВ: ТӨР ТОМОРЧ, ИРГЭДИЙН АЧАА НЭМЭГДЭХ ҮҮ?
УИХ-ын гишүүн П.Батчимэг 2027 оны төсвийн зарлагыг шүүмжилж, Засгийн газраас хариулт нэхлээ.
39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатай 2027 оны улсын төсөв батлагдлаа. Гэвч энэ их мөнгөний цаана иргэдэд ямар өгөөж очих вэ? Харин төсвийн алдагдал, өрийн дарамтыг хэн үүрэх вэ?
УИХ-ын гишүүн П.Батчимэг төсвийн хэлэлцүүлгийн үеэр үрэлгэн зардлыг танах, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах, төсвийн сахилга батыг мөрдөх шаардлагатайг онцолсон юм.
Түүний тавьсан асуултууд ч амархан хариулттай биш.
Ирэх онд инфляцыг хэрхэн барих вэ? Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг яаж тогтоон барих вэ? 41.5 их наядын зарлага эдийн засагт ямар дарамт үүсгэх вэ? Гадаад, дотоод өрийн хэмжээ хаана хүрэх вэ?
Хамгийн гол нь энэ их мөнгө Монголын нэг иргэний амьдралд бодит өөрчлөлт авчирч чадах уу?
Төсөв тэлж, төрийн зардал нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж, татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэх эрсдэл бий.
Төсөв батлахад олонхын санал хангалттай байж болно. Харин 41.5 их наяд төгрөгийн үр дүнг иргэдээс нууж болохгүй. Төр мөнгө зарцуулах эрхтэй болсон бол үр ашгаа тайлагнах үүрэгтэй.
2027 оны төсвийн хамгийн том шалгуур бол хэдэн их наяд төгрөг зарцуулсан нь биш, иргэдийн амьдралд юу өөрчилсөн нь байх ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ