“Дайчин нөхөрлөлийн замаар” аяллынхан Халх голын зүг хөдөллөө
Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Халх голын байлдаанд оролцож байсан ахмад дайчдынхаа гавьяаг алдаршуулах ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулсаар байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд Халх голын ялалтын тухай асуулт хариултын тэмцээн, нийслэл болон орон нутагт байгаа ялалтын хөшөө дурсгалуудыг сэргээн засварын ажлууд хийгдсэн юм.
то
Түүнчлэн ойн хүрээнд “Дайчин нөхөрлөлийн замаар” хэмээх Орос-Монгол залуусын нэгдсэн тойрон аялал дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа аж. Энэхүү аялал энэ сарын 19-ний өдөр Монгол Улсын дархан хил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гараагаа эхэлсэн юм. Оросын талаас оролцогч 75 залууг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх үед Монголын талын зохион байгуулагчид болох Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн шалган нэвтрүүлэх албаны удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид болон Алтанбулаг сумын иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.
ир
Тэдний аялал үргэлжилж найрамдлын Дархан хотоор дайран өнгөрөхөд тус хотын цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, соёл урлагийн уран бүтээлчид “Дархан 50 цогцолбор”-ын талбай дээр хүндэтгэл үзүүлж, уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж, ОХУ-аас суугаа эрхэм консул нийт оролцогчдод цаашдын аялалд нь амжилт хүссэн юм. Халх голын 75 жилийн ойн "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялалд оролцох залуучуудыг энэ сарын 22-ний өдрийн 19 цагт Улаанбаатар хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүлээн авч, Монгол-Оросын залуучуудын танилцах уулзалт цэнгүүнийг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Д.Мөнх-Очир, МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат нар оролцсон юм.
ир
Үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж аялалд оролцож буй Монгол-Орос залууст ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУАЖ Ө.Баярмагнай, ардын хөгжмийн “Жонон” хамтлаг болон аялалд оролцож буй авьяаслаг залуус мэндчилгээ дэвшүүлсэн. Оролцогчид өчигдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн Оросын Эрхүү хотоос буухиачлан авчирсан “Мөнхийн гал”-ыг дурсгалын цогцолборт асааж ахмад дайчидаа алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв. Мөн Маршал Г.К.Жуков, Улсын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөлөө.
то
“Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогчид өнөөдөр хөдөлсөн бөгөөд Хэнтий, Дорнод аймгаар дайран Халх голд очих юм. Ингэснээр аялалд оролцогчид Эрхүү хот–Алтанбулаг–Сэлэнгэ–Орхон-Дархан-Уул-Улаанбаатар–Хэнтий–Дорнод–Халх гол гэсэн маршрутаар нийт 5500 км аялж, Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэж, түүхийг танин мэдэж, Орос-Монгол ахан дүүсийн найрамдалт харилцааг улам бэхжүүлэх ажээ.
то
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ