500 төгрөгөөр хуучин маршрутынхаа дагуу үйлчлэхийг шаарджээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой зохицуулалтуудыг хийж буй. Үүний хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байгаа билээ.
х
Энэ үеэр Хэрэглэгчийн эрх боловсролын холбоо, Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран туршилтаар хэрэгжиж буй нийтийн тээврийн үйл ажиллагаа, үнэ тариф дээр тодорхой тандалт судалгааг хийсэн тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэдний судалгаанд нийслэлийн таван дүүргийн 700 гаруй иргэн хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсан иргэд “500 төгрөгөөр явж байгаа асуудлыг сайшааж байгаа ч тэтгэврийн болон хөнгөлөлттэй явдаг хүмүүст энэ ажил нөлөөлөхгүй байгаад сэтгэл дундуур байсан. Иргэд зорих газраа хүрэхийн тулд багадаа 3-4 дамждаг. Автобус хоорондын буудлын зай хол болохоор доод тал нь 200 метрээс 1 км хүртэл алхаж байна гэж иргэд хариулсан. Түүнчлэн, автобусны маршрутын мэдээлэл маш муу байгаа учир хаана зогсож, ямар автобусанд суухаа хүмүүс мэдэхгүй. Энэ мэт зүйлээс болж хүмүүс бухимдалтай байна. Ялангуяа хөгшин хүмүүс зам гарцыг олон дахин гарч, автобус дамжиж явах төвөгтэй байна” гэсэн судалгааны хариу гарлаа гэж Монголын хэрэглэгчийн эрх, Боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэн ярилаа.
а
Тэдгээр байгууллага судалгааны дүнгээ нэгтгээд нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагадаа эхний ээлжинд 500 төгрөгөөр өдрийн турш зорчих зохицуулалтыг ирэх сарын ачаалалтай үеийг дуустал зохицуулалтыг үргэлжүүлэх. Ингэхдээ нийтийн тээврийн хэрэгслүүдийг хуучин маршрутаар нь зорчуулж өгөхийг тусгасан байна. Мөн нийтийн тээврээр зорчигч иргэдийг бухимдуулсныхаа хариуд хотын даргыг тэднээс уучлал гуйх буюу нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив өгөхийг шаарджээ.
а
Харин тэдний шаардах бичгийг хүлээж авсан нийслэлийн Засаг дарга “Танай шаардлагын чинь хаяг буруу байна. Надад биш НИТХ-д өгөх ёстой. Би эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан. Надад сахилгын хариуцлага тооцох гэж байгаа бол надад биш НИТХ-д шаардлагаа хүргүүл” гэдэг хариултыг өгсөн гэж мэдээлэв. Түүний энэхүү хариултад дээрх ТББ-ынхан гомдолтой байгаа ба туршилтын 10 хоногийн зохицуулалт хийх шийдвэрийг гаргасан Э.Бат-Үүл даргыг захирамжаа өөрчилж, цуцалж болно гэж үзэж байгаа гэнэ.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ