Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлнэ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр “Washington post” сонины сэтгүүлч Стевен Сотлоффийг цаазалж буй бичлэгээ АНУ-ын Засгийн газарт илгээж, Обамаг Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан билээ. Тэгвэл дээрх үйл явдлын дараа Обама Цагаан ордонд мэдэгдэл хийж “Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, “Халифын вант улс” бүлэглэлийг газрын хөрснөөс арчих болно” хэмээн сүрдүүлсэн тухай “Daily Beast” мэдээллээ. Тэрбээр “Хэт даврагч нар дахин нэг сэтгүүлчийн аминд хүрлээ. Тэд энэ үйлдлээрээ АНУ-ыг санаатайгаар турхирч, гутаан доромжиллоо. Дахин сануулахад АНУ-ын арми Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааныхаа хүрээг тэлж буйгаа мэдэгдье. Та бүхний явуулж буй алан хядах ажиллагааны золиос болж байгаа Ирак, Сири, Йордоны хэдэн сая иргэнийг АНУ хамгаалж, эцсээ хүртэл тэмцэх болно” гэж хэлжээ. Тус бүлэглэл барьцаанд байгаа АНУ-ын иргэнийг ирэх долоо хоногт цаазлахаа мэдэгдсэн юм. Мөн АНУ-ын хэд хэдэн хотод “Халифын вант улс” бүлэглэлийг эсэргүүцэж, барьцаанд байгаа АНУ-ын иргэдийг суллахыг шаарджээ. Тус жагсаалд өчигдөр амиа алдсан Сотлоффийн гэр бүл оролцсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ