Шотланд тусгаар улс болох уу
Их Британи болон Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд улсын иргэд энэ сарын 18-нд “Шотланд тусгаар улс болох уу” хэмээх бүх нийтийн санал асуулгад оролцох билээ. Британийн “Sunday Times” сонин “Yougov” судалгааны компанид захиалга өгч энэ сэдвээр шотландчуудын дунд урьдчилсан санал асуулга явуулсан юм. Судалгаанд оролцсон иргэдийн 51 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн бол 49 хувь нь эсэргүүцсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шотландын шадар сайд Никола Старжен санал асуулгын үр дүнг ялалтад хүрэх эхний алхам гэсэн бол “Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд хэвээр үлдэх” хөдөлгөөний тэргүүн Алистер Дарлинг “Шотландууд Британи болон хааны гэр бүлд хайртай. Ард түмэн минь хэзээ ч урвахгүй” гэжээ.
5
Харин Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны төлөөлөгч Лон Хармэн “Шотландчууд Их Британийн мэдэлд байхдаа дэлхийн бүх гүрэнтэй найрсаг харьцаатай байсан, байх ч болно” гэсэн бол Шотландын Үндэсний намын дарга Алекс Сэлмонд “Лондон Шотландын дотоод хэрэгт оролцох эрмэлзлэлээ татвал зохино” гэжээ.
5
Санал асуулгаар шотландчууд тусгаар улс болохыг дэмжвэл 2016 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарахыг Хатан хаан II Элизабет зөвшөөрч, ямар нэгэн хаалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Шотландчууд тусгаар тогтнолоо зарлахад Европын холбоо анхаарал тавьж буй. Тус холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо “Шотланд тусгаар улс болсныхоо дараа Европын холбоонд гишүүнээр нэгдэх хэрэгтэй” гэдгийг сануулжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ