Чжан Цзы: Холливууд надад уйтгартай санагддаг
Хятадын нэрт жүжигчин Чжан Цзы-ийн “MTV”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Гейшагийн дурсамж”, “Нисэгч хутгануудын гэр”, “Гэртээ харих зам”, “Нуугдах бар, хүрхрэх луу”, “Баатар” зэрэг 50 гаруй уран бүтээлд тоглож, Ази жүжигчдээс анх удаагаа “Оскарт” нэр дэвшсэн билээ.
.
-Таны тухай хүмүүсийн мэддэггүй зүйл юу вэ?
-Хүмүүс бодохдоо намайг азтай болохоор л сайн найруулагчтай таарч, гол дүрүүд олдоод байдаг гэлцдэг. Тэд миний амжилтыг зөвхөн азтай холбож тайлбарладаг. Гэхдээ кино урлагт зөвхөн азтай байгаад хол явахгүй. Мэдээж гол дүр олж авах нь азтай хэрэг. Гэхдээ тэр азыг амьдрал болгож, үзэгчдийн сэтгэлд хүрэх дүр бүтээнэ гэдэг зөвхөн жүжигчин хүний ур чадвар, мэдрэмж, хөдөлмөрөөс шалтгаалдаг. Өнөөдрийн энэ амжилтад хүрэх гэж цус, нулимсаа урсгасан. Хятадууд намайг зүгээр л их азтай эмэгтэй гэж ярьдаг.
.
-Алдар нэр гэр бүлийн тань амьдралыг хэрхэн өөрчлөв?
-Эцэг эх минь хүнд хэцүү амьдрал үзсэн хүмүүс болохоор мөнгийг дэмий зүйлд хэзээ ч үрдэггүй. Магадгүй, тэдний эдэлж хэрэглэдэг зүйл нь бага зэрэг сайжирсан гэдгийг нуухгүй. Тэд одоо хүртэл автобусаар ажилдаа явдаг. Би заримдаа их уурлаж бухимддаг ч тэднийг дийлж байгаагүй. Сониныхон хааяа тэр хоёроор шар мэдээ хийчихсэн байдаг. /Инээв/
.
-Таныг “Гейшагийн дурсамж”-ийн найруулагч Роб Маршал дээр очоод “Намайг ажилд аваач” гэж гуйсан гэлцдэг. Энэ үнэн үү?
-Үнэн. Гэхдээ Роб Маршалаас биш Стивен Спилбергээс тэгж гуйж байсан. Тухайн үед англи хэлээр өөрийгөө хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байсан учир хамгийн энгийнээр “Hire me, please” гэж хэлж байлаа. /Инээв/ Жүжигчин хүн аймхай байж болохгүй. Амьдралынхаа төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Зураг авалтын эхний өдөр Стивен надаас “Би чамайг ажилд авлаа. Тиймээс чи төгс байх хэрэгтэй” гэхэд нь би “Би төгс байх болно” гэж хариулсан. Тэгэхэд тэр “Гэхдээ чи энэ хооронд хэл сайн сурсан байна шүү дээ” гээд инээж билээ. “Гейшагийн дурсамж” номыг кинонд тоглохоос таван жилийн өмнө уншиж байсан л даа. Зохиол нь үнэхээр таалагддаг байсан. Тэгээд тэр зохиолоор кино хийнэ гэж сонсоод найруулагч Роб Маршал дээр шууд очоод, тоглох хүсэлтэйгээ хэлж билээ. Гэхдээ би тэр үед англи хэлэндээ муу байсан болохоор бас их эмээж байлаа. Би англи хэл үзээд хоёр жил л болж байсан юм.
.
-Англи хэл сураад таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?
-Намайг илүү олон хүн таньдаг болсон.
.
-Ази жүжигчдийн хувьд олон улсын тавцанд гарахад хэлний бэрхшээл их байдаг байх?
-Тийм ээ. Гэхдээ энэ бэрхшээлийг давж, хүссэн кинондоо тоглохын тулд өдөрт таван цагаар англи хэл бие дааж судалсан. Ямар ч орчуулагчгүйгээр гадаад хүмүүстэй харилцах ер бусын тааламжтай байсан.
_
-Хятад эмэгтэй гейшагийн дүрийг бүтээнэ гэхэд япончууд дургүйцлээ илэрхийлсэн?
-Кинонд тоглохоор сонгогдсон эмэгтэй жүжигчдээс хоёр нь хятад, бусад нь япон байсан. Гэхдээ хятад, япон гэлтгүй тэр кинонд ажилласан бүх хүн л гейшагийн ертөнц, тэдний амьдралаас суралцах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл гейша гэдэг тэс өөр ертөц. Япончууд ч өөрсдөө тэдний ёсыг сайн мэдэхгүй.
_
-Хэдэн жил бүжгээр хичээллэсэн вэ?
-4-15 нас хүртлээ өдөрт 12 цаг бүжгээр хичээллэдэг байсан. Би долоон настай байхдаа Хятадын үндэсний бүжгийн дунд сургуульд элсэн орсон. Тиймээс миний амьдрал бүжигтэй нягт холбоотой. Миний бага нас бүжгийн хөдөлгөөн, хөлс хоёрт зарцуулагдсан.
_
-Та янз бүрийн л дүрд тоглож байлаа. Тулааны урлагаар ч хичээллэж, гейшагийн ёсыг ч сурчээ. Энэ хоёр аль нь хүнд байсан бэ?
-Гейша болох нь хамгийн хэцүү байсан. /Инээв/ Тэр үеийн бүсгүйчүүд эрчүүдийн төлөө амьдардаг байсан гэж болохоор. Үргэлж цэцэг мэт үзэсгэлэнтэй байхгүй бол хатах аюултай.
_
-Ямар төрлийн кинонд дүр бүтээх дуртай вэ?
-Эмгэнэлт, уянгын драмд дуртай. Үйл явдал нь ноцтой, хүнд байх тусмаа сэтгэл татдаг. Адал явдалт кинонд дургүй ээ. Гэхдээ ийм төрлийн кинонд хамгийн их тоглосон. /инээв/
_
-Тоглосон кинонуудаа эргээд харахад хамгийн сайн жүжиглэсэн хэсгээсээ дурьдвал?
-“Гэртээ харих зам” киноны төгсгөл хэсэгт гардаг. Жао Ди хүндээр өвдөөд хэдэн өдрөөр ухаангүй байж байгаад сэртэл хайртай залуу нь хотоос эргэж ирээд, түүнийг сахисан гэж ээж нь хэлдэг хэсэг. Тэр хэсэгт Жаогийн нүднээс ганцхан дусал нулимс унадаг юм. Энэ хэсэг л хамгийн сэтгэл хөдөлгөдөг дөө. Би хэдий залуу, туршлагагүй байсан ч энэ хэсэгт гайгүй сайн тогложээ гэж боддог.
_
-Ази жүжигчин Холливуудын хаалгаар ороход ямар байдаг вэ. Сонирхуулахад?
-“Нуугдах бар, хүрхрэх луу” дэлгэцэнд гарсны дараа анх удаа Оскарын улаан хивсний ёслолд очихдоо юу болоод байгааг ч мэдэхгүй сандарч байсан. Би тэгж л юугаа ч мэдэхгүй Холливудад хөл тавьж байлаа. Том Круз, Жулия Робертс гээд алдартай жүжигчдийг хараад хөшиж орхисон. Тэр бол огт өөр ертөнц байлаа. Харин хоёр дахь удаа “Гейшагийн дурсамж”-д тоглосны дараа Оскарт очиход тэр одууд намайг таньдаг болсон байсан. Тэд өөрсдөө эхэлж мэндлээд намайг бараг шоконд оруулсан шүү. Гэхдээ Холливуд одоо хүртэл надад өөр ертөнц шиг санагддаг.
_
-Холливуудыг байлдан дагуулахыг хүсэхгүй байна уу?
-Үгүй ээ, үнэхээр тийм хүсэл төрж байсан удаагүй. Холливудын найруулагчид хятад жүжигчинд нэг л хэвийн уйтгартай дүр санал болгодог. Нэг бол ядуу охин, нэг бол АНУ-д худалдагдсан биеэ үнэлэгч ч юмуу. /инээв/ Нэгэнт жүжигчний уран чадвар сорьсон дүр өгч чадахгүй болохоор Холливууд намайг татаж, сэтгэлийг минь хөдөлгөж чаддаггүй.
_
- Чжан Цзы гэх бүсгүй хүссэн бүх зүйлдээ хүрч чадсан уу?
-Үгүй ээ. Эмэгтэй хүн болохоор гоё хурим хийж, сайхан гэр бүлтэй болохыг хүсч мөрөөддөг. Одоогоор ажилдаа анхаараад гэрлэх цаг минь хойшлоод байна л даа. Хэн нэг хүн амжилтад хүрнэ гэдэг зөвхөн ажил, карьераар хэмжигддэг юм биш гэж би боддог. Манай найз залуугийн эгч нь маш сайхан гэр бүлтэй, хоёр хөөрхөн хүүхэдтэй, хайр бялхсан айл байдаг. Тийм болохоор тэр эмэгтэй бол гарцаагүй хамгийн өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн нэг гэж би боддог.
_
-Та аль хэдийнэ 30 нас хүрчихсэн. Хэзээ хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна?
-Хүүхэд үү. Энэ ондоо багтааж дуусгах ёстой хэд хэдэн ажил байна. Миний хувьд хүүхэд бол карьерт минь нөлөөлж магадгүй.
_
-Хятадын эмэгтэй уран бүтээлч дундаас та рейтингээрээ нэгд явж буй. Тиймээс айх хэрэг байхгүй?
-Сайн мэдэхгүй байна. Хүүхдийг удаан бодож, төлөвлөж байж төрүүлэх хэрэгтэй.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ