“Хар өдөр бүү давтагдаасай”
2001 оны есдүгээр сарын 11-нд хүн төрлөхтний түүхэнд хамгийн том аймшигт террорист халдлага болсон юм. Алан хядагчид нисэх онгоц барьцаалан Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн мөргөж сүйрүүлсэн билээ. Энэ халдлагын үеэр 2750 иргэн хорвоог орхисон юм. Террорист халдлагаас хойш 13 жил өнгөрчээ. АНУ-ын Нью-Йорк хот энэхүү аймшигт халдлагад өртөж амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэж эхэллээ. Энэ жилээс эхлэн хотынхон энэхүү аймшигт өдрийг амь үрэгдэгсдийн хойноос гашуудах өдөр бус харин тэдний дурсгалыг мөнхжүүлэх, сэргээн босгох өдөр болгон тэмдэглэхээр болжээ.
1
АНУ-ын муж болгонд болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Арлингтоны оршуулгын газар очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн байна. Обама болон дэд ерөнхийлөгч Жое Байдан нар Нью Йорк, Вашингтон, Пенсилвани муж дахь халдлагад өртсөн газруудын дурсгалын цогцолборуудаар айлчлахаар болжээ. Ерөнхийлөгч твиттертээ “Хар өдөр бүү давтагдаасай” хэмээн жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр охидынхоо хамтаар Нью Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолбортой танилцахаар болжээ. Манхэттен дүүрэгт 15 мянга гаруй хүн цугларч гар гараасаа барилцан 13 жилийн тэртээх халдлагыг санахаар цугларсан тухай “BBC” агентлаг онцлов.
1
Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр энэхүү халдлагаас үүссэн хорт утаа, тоосжилтын улмаас 70 мянган хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн амиа алдсан гэв. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ