ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь хорих 423 дугаар ангид ял эдэлж буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн байна. Тэдний монгол бичгээр бичиж ирүүлсэн захидлыг хөрвүүлэн хүргэж байна.
х
“Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа
Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь
Таны амгаланг айлтгая.
х
Бид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан аюул, гэмт хандлагыг няцаан гарцаагүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.
Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан хилс гүжирдэж ял тулгаснаар бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг та тогтоон болгооно уу.
Монгол улсын Үндсэн хууль, Монгол улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс улс үндэстэний эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.
х
Эрхэм Ерөнхийлөгчөө
Бидэнд байгуулсан гавьяа үгүй
Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй
Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн оюундаа болгоон соёрхоно уу?
Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар
2014.08.14” хэмээн бичсэн байна.
а
Б.Бэхи