Тусгаар улс болохыг дэмжихгүй байна

img

Шотландчууд өнөөдөр Их Британийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болох эсэхээ шийдвэрлэх билээ. Тэгвэл Британийн “www.dailymail.co.uk” сайт Шотландчууд тусгаар улс болохыг дэмжихгүй байгаа нь урьдчилсан санал асуулгаар тодорхой болсон гэжээ.

7

Өнгөрсөн сарын 15-нд “Шотланд хүчтэй” гэгдэх төрийн бус байгууллага “Та Шотландыг тусгаар улс болохыг дэмжиж байна уу” гэх асуулттай санал асуулга орон даяар явуулсан билээ. Тус санал хураалтад насанд хүрсэн иргэдийн 80 хувь нь оролцжээ. Саналаа өгсөн иргэдийн 51 хувь нь тусгаар улс болохыг дэмжээгүй бол 49 хувь нь тусгаар улс болохыг зөвшөөрсөн байна. Энэхүү санал хураалтын дараа “Британи эсэргүүцэж байна” холбооноос “Бид хатан хаандаа үнэнч” хэмээх нээлттэй санал асуулга явуулсан юм. Тус санал хураалтад оролцсон 2.4 сая иргэний 53 хувь нь тусгаар улс болохыг дэмжээгүй аж.

7

Энэ долоо хоногийн эхээр дээрх асуудлаар дахин санал асуулга явагдсан байна. Санал хураалтад оролцсон иргэдийн 52 хувь нь “Шотландыг тусгаар улс болох нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн хариулсан бол 48 хувь нь “Шотландыг тусгаар тогтнож, бие даасан улс болох нь зөв” гэж хариулсан байна. “Шотланд 5.3 сая хүн амтай бөгөөд тэдний 51 хувь нь тусгаар улс болохыг дэмжихгүй байгаа нь судалгаанаас тодорхой болсон” гэж “www.dailymail.co.uk” сайтад бичжээ.

7

Хэрвээ Шотланд өнөөдөр болох санал хураалтаар Их Британийн бүрэлдэхүүнээс гарвал 2016 оны гуравдугаар сарын 22-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор зарлах юм байна. “Та Шотландыг Их Британи улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болохыг дэмжиж байна уу” гэсэн асуулттай саналын хуудсыг өчигдөр хэвлэж дуусчээ. Шотландын удирдлагууд санал хураах 5000 гаруй байр гаргаж, 70 гаруй орны ажиглагчдыг хүлээн авахаар болсон байна. Мөн санал хураах байр болгонд Их Британийн 3-4 ажиглагч, хөндлөнгөөс хянахаар болсон гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dchr:
санал хураалтын дүнг гарсны дараа дүгнэлт хийсэн мэдээгээ зөв гарчиг өгч бич.
2014-09-18