Малайз Орост хориг тавихаа мэдэгдэв
Малайзын Засгийн газар Украины Грабово хотод осолдож, сүйдсэн “МН17” онгоцны ослын буруутанг ОХУ хэмээн мэдэгдэж, иргэдийнхээ амийг нэхсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоцонд 280 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан юм. Малайзын 38 иргэн зорчиж явсан билээ. Өнгөрсөн наймдугаар сард Малайзын төлөөлөгчид салан тусгаарлагчидтай тохиролцсоны эцэст иргэдийнхээ бичиг баримт болон цогцсыг нь эргүүлэн авч, Куала Лампур хотноо авчирсан юм. Тэгвэл өчигдөр Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак “MH17” онгоцны ослын буруутанг Орос гэжээ. Тэрбээр “Хэрвээ Орос Украины зүүн хязгаарт эрхээ тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаагүй бол “МН17” онгоц сүйрэхгүй байсан. Энэ онгоцыг салан тусгаарлагч, Украины арми, Оросын армийн аль нь ч дэлбэлсэн бай хэргийн гол буруутан нь Орос. Мөн Малайз улс Орост хориг тавих болно. Путин амиа алдсан зорчигчдын гэр бүлээс албан ёсоор уучлалт гуй” гэсэн байна.
1
Австралийн Ерөнхий сайд Тони Аббет “МН17” онгоцны асуудлаар Путинтэй уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авсан гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Харин ОХУ-ын Засгийн газар “МН17” онгоцыг салан тусгаарлагчид биш, Украины Засгийн газрын цэргүүд өөрсдөө харваж унагасан хэмээн мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ