С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг тэртээ 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай.
Энэ үйл явдал өнөөдөр 16 дахь намраа давтагдлаа. Цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон түүнтэй мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалд хүчин зүтгэж байсан журмын нөхөд нь оролцлоо.
Цэцэг өргөх ёслолын дараа түүний дүү С.Оюун сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Одоогоос 25 жилийн өмнө Хүний эрхийн төлөө өдөр залуучууд зориглоод хүний эрхийн цуглааны хийж байсан. Ирэх 12 дугаар сард 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ийм томоохон өөрчлөлт хөдөлгөөнийг манай С.Зориг ах эхлүүлсэнд бахархаж явдаг. 25 жилийн ойгоороо анх юуг төлөвлөж байсан түүнээс юу биелсэн, одоо юу хийх ёстойдоо ойдоо дүгнэлт хийх ёстой байх. Гэхдээ Ардчиллын 25 жилийн хугацаанд үлдсэн хамгийн том хар толбо нь энэ хэрэг байдаг. Одоо хүртэл илрээгүй байгаа нь харамсалтай. Илрээгүй ч гэсэн илрээсэй л гэж дотроо залбирч явдаг даа. Энэ хэргийн талаар өнөөдөр надаас биш хууль хяналтынхан цагдаа, шүүх, прокуророос асуух ёстой гэж бодож байгаа. Тэд маань ерөөсөө дуугардаггүй. Монгол хүн бүрийн сэтгэлд ахын маань хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг байдаг. Хүн бүр саруул ухаантай улсынхаа төлөө хамтран ажиллаад нэг нэгнийгээ ойлгоод урагшлах нь чухал. Маш хэцүү, хоёр талд мөргөлдөхөөс буцахааргүй болчихсон тэр үед ч гэсэн саруул ухаантай юм чинь ямар нэгэн байдлаар ойлголцож цус урсгахгүйгээр зөвшилцлийн аргаар явах ёстой гэдэг зарчмыг маш хатуу баримталж байсан юм байна лээ. Тэр зарчим өнөөдөр ч гэсэн маш чухал гэж бодож байна” гэж хариулсан юм.
а
Д.Дагвасүрэн: Үнэнийг тогтоогоод ард түмэндээ зарлана гэдэгт итгэдэг
Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат
Монгол гүрний их удирдагчийн нэг С.Зориг 1998 оны энэ өдөр бусдад амиа егүүтгүүлсэн. Энэ хэргийн эзэн тодрохгүй 16 жил өнгөрч байна. Манай хуул хяналтын байгууллагынхан хэргийн үнэн мөнийг тогтоогоод ард түмэндээ зарлана гэдэгт итгэж явдаг. Монгол гүрэнд цөөхөн буриад зон байдгийн нэг нь энэ хүн байсан. Бид нэгийгээ мартамгүй, санаж явахгүй бол болохгүй. Манай “Амин тоонот” төрийн бус байгууллагын залуус жил бүрийн энэ өдөр ирж хүндэтгэл үзүүлдэг.
а
Ч.Нарантуяа: Энэ хэргийн эзнийг илрүүлнэ гэдэгт итгэдэггүй
1990 оны ардчилсан хувьсгалд нэгдэж явсан бидний хэсэг хүмүүс жил болгоны энэ өдөр цэцэг бариад энд ирдэг. Анхны манлайлагч энэ хүн амьд байсан бол, ардчиллын тууштай хөгжүүлж, өнөөдөр Монгол орон арай өөрөөр хөгжсөн байх байсан гэж боддог. Хэрэг илэрвэл илрэх хугацаа болсон ч илэрдэггүйд их харамсаж явдаг. Гэхдээ улс төрийн сэдэлтэй энэ хэргийн эзнийг илрүүлнэ гэдэгт итгэдэггүй.
х
Г.Ганхүү: Маргааш хөдөө явлаа гэж ярьж байсан
НИТХ-ын төлөөлөгч
Залуучууд энэ хүний үйл хэргийг мартана гэж байж болохгүй. Би ах, дүүгийн харилцаатай байсан хүний хувьд энэ хүн бол Монголыг өөрчилсөн гэж боддог. Энэ хүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Ах маань ордноос гараад гэрлүүгээ алхахдаа хааяа манай Ханбройгоор орж гардаг байсан. Хэрэг гарахаас өмнөхөн 1998 оны аравдугаар сарын 1 билүү есдүээр сарын 30-нд манайхаар орж ирэхдээ “Ах нь маргааш Зоригт гишүүнтэй хамт хөдөө явах гэж байгаа” гэж ярьж байсан. Би 10 сарын 2-нд нь харамсалтай мэдээг сонсоод хамгийн түрүүнд Зоригоо руу ярьж “хөдөө явна гэсэн яасан бэ. Ахад ийм зүйл тохиолдсон байна” гэхэд “харин тийм ах явна гэж байгаад Засгийн газрын ордон дээр чухал хуралтай болчихлоо гээд үлдсэн” гэж хариулахад нь “би чи ахыг аваад хөдөө явчихгүй яасан юм бэ” л гэж хэлсэн. Тэр үед яг Ерөнхий сайдын асуудал яригдаж байсан. Энэ өдөр тэр явдлыг тод санаж байна.
Амьд гэрчтэй ийм хэрэг илрэхгүй байна гэдэг цаанаа улс төрийн шалтгаантай байх гэж боддог. Гэрчтэй байтугай гэрчгүй ээдрээт хэргийг учрыг олдог манай хууль, цагдаагийнхан хэрэг илрүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог шүү дээ.
НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү өнгөрсөн жилийн энэ өдөр С.Зориг агсны хөшөөнд түүний сонсох дуртай Английн алдарт хамтлаг "Pink Floyd"-ын пянзыг өргөж байсан. Тэрбээр жил бүр түүний хөшөөнд түүний татдаг байсан “Стюардесс” гэх тамхийг өргөдөг байжээ. Уг тамхи зах зээл дээр байхгүй болчихсон учир бусдын адил цэцэг өргөж буй харагдсан.
ө
Л.Болд: Бид С.Зоригийнхоо үйлийг үргэлжүүлэх үүрэгтэй
Гадаад харилцааны сайд
Бид Монголын ардчилсан сонголтыг ирээдүй хойчийнхоо өмнө хамгаалах томоохон үүрэг хариуцлагыг хүлээж, С.Зоригийнхоо гэрээслэлийг хэрэгжүүлж үйлийг нь үргэлжүүлэх үүрэгтэй. Үүнээсээ алхам ч буцаж болохгүй. Бид ямагт байгаа юмандаа сэтгэл дундуур илүүг бүтээхийн төлөө явах хэрэгтэй. 1989-1990 онд өлсгөлөн зарлаад жагсаал цуглаан хийгээд явж байсан нийгмийг өөрчлөх эрсдэлтэй тэмцэл хийж байсан үетэй өнөөдрийг харьцуулахад сайхан үе ирсэн гэвэл ирсэн. Гэхдээ сэтгэл ханах асуудал байхгүй. Өнөөдөр зовж зүдэрч ядуу амьдарч байгаа хүмүүс байсаар байна. Энэ цагт нийгэмд бүхэлдээ шударга ёс тогтож, хүн бүр эх орныхоо эзэн байж сайхан амьдарч байгаа үед л ардчилал ялж байна гэж хэлж болно. Тиймээс бидний үүрэг яагаа ч үгүй гэдгийг л хэлмээр байна.
С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг улс төрийн гэмт хэрэг байсан нь харагдаж байгаа юм л даа. Эзэн олдохгүй байна гэдгийн цаана өөр шалтгаан байдаг шүү дээ. Ердийн хэрэг биш дэлхийн нийтийн анхаарал татсан хэрэг. Олон улсын парламентын холбоо гэхэд л жил бүр С.Зориг агсны хэргийг илрүүлэлтийг талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргадаг. Хэргийг илрүүлэх нь монголын ард түмэнд төдийгүй дэлхийн ардчилалд зайлшгүй ил болох ёстой хэрэг учир нээлттэй ажиллах хэрэгтэй. Олон эргэлзээг тайлах ёстой. Дэндүү харанхуй, маш олон эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал үүсээд байна.
б
Б.Буд
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ