Бразилчууд Ерөнхийлөгчөө сонгож байна

img

Бразилд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт өндөрлөж, саналын хуудсыг албан ёсоор тоолж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.  Энэ удаагийн сонгуульд 18-аас дээш насны 142 сая иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 87.22 хувьтай явагдсан гэж Сонгуулийн хорооноос мэдэгдэв.  Санал хураалтын эцсийн дүн энэ сарын 8-ны 15.00 цагт гарах аж. Бразилийн Ерөнхийлөгчийн төлөө 11 хүн нэр дэвшиж байгаа  юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Ерөнхийлөгчийн суудлын төлөөх гол өрсөлдөөн “Ажилчдын намаас” нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Дильма Русефф, “Социалист нам”-ын дарга Марина Силва болон “Социал демократ” намаас нэр дэвшсэн Аэсио Невес нарын хооронд болно” гэжээ.

_

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тус улсын “Залуу гишүүдийн холбоо” өнгөрсөн сарын 22-нд бүх нийтийн санал асуулга орон даяар явуулсан юм. Энэхүү санал асуулгад Дильма Русефф 42.1 хувь, Аэсио Невес 34.9 хувь, Марина Силва 21 хувийн санал авчээ. Энэ удаагийн сонгуульд аль нэг нэр дэвшигч 50 хувийн санал авахгүй бол ирэх аравдугаар сарын 26-нд хоёр дахь шатны санал хураалт явагдах гэнэ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ