Малчны хүсэлтээр мал хулгайтай тэмцэх асуудлыг хэлэлцэв

img

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж, арга хэмжээ авч өгөөч ээ гэсэн иргэний хүсэлтийн дагуу “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, М.Зоригт нар болон Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид, Мал эмнэлгийн газар, орон нутгийн малчдын төлөөлөл оролцлоо.

a

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлэлцүүлгийн эхэнд Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн малчдын өргөдөл гомдолтой холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төрөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа онцолсон. Түүний дараа Хууль зүйн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаныхан мал хулгайлах гэм хэрэгтэй тэмцэх асуудлаар мэдээллэл хийсэн юм.

a

Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад малын хулгайн гэмт хэргийн талаарх сүүлийн гурван жилийн судалгааг танилцуулав. Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52,1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж  байгааг илтгэлдээ онцлов.

a

Цагдаагийн Ерөнхий газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Г.Бөхчулуун, хөдөө орон нутагт шуурхай ажиллах хангамж муу байгаагийн зэрэгцээ махны худалдаа эрхлэгчдэд тавих хяналт сул гэдгийг онцлоод  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах хэд хэдэн санал гаргалаа. Тэрээр малчдын малын хариулга маллагааг сайжруулах, малын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, мах бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийх нь чухал байна. Тухайлбал,  мал тууварлах, тээвэрлэлт, нядалгаа, түгээлт, үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэгчдэд албан ёсны зөвшөөрөл олгох нь малын хулгайн гэмт хэргийг бууруулахад чухал нөлөөтэй. Мөн хулгайн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдэд тавих хариуцлагыг чангатгах зэрэг олон чухал санал хэлэв.

sa

Хэнтий аймгийн Дархан сумын малчдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тус сумын 3 дугаар багийн Засаг дарга, малчин Г.Содном малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж байгаа гэлээ. Тэрбээр хэлэхдээ “Хэнтий аймагт малчин өрхүүд нэгдэж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоршоо байгуулсан. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход хамгийн их саад болж буй зүйл нь илэрсэн гэмт этгээдүүдтэй малчид тохиролцож цагдаагийн байгууллагад хандалгүй орхих явдал. Энэ нь хулгайч нарыг өөгшүүлсэн хэрэг гэдгийг санах хэрэгтэй. Баригдаад уучлал эрж, тохиролцож болох ч баригдахгүй бол мал хулгайлах гэмт хэргээ зогсоохгүй” гэв.

a

Хууль зүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчдын илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ “ Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмуэх асуудлыг маш олон жил ярьж байна. Гэвч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Мал хулгайлах гэмт хэрэг ч тасралтгүй гарсаар байна. Тиймээс гэм буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг сайжруулах хэрэгтэй. Мөн Мал хулгайлах гэмт хэргийг 2002 оноос хойш Хулгайн гэмт хэрэгтэй хамтатган бүртгэж байгаа нь өрөөсгөл.  Нөгөө талаар малчид малаа гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор гэртээ  буутай байх тохиолдол элбэг байдаг. Гэтэл энэ нь Галт зэвсгийн тухай хуультай зөрчилдөнө. Тиймээс малын хулгайтай холбоотой асуудлыг  тусдаа хууль болгон шийдвэрлэдэг байх нь зөв” гэсэн саналыг хэлж байсан юм.

as

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
их зөв зүйтэй зүйл хийж байгаад баяртай байна. одоо улам хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж найдаж байна.
2014-10-24