Дорнодын зам энэ онд ашиглалтад орох боломжгүй

img

Даваа гариг бүрт Засгийн газраас "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаар Авто замын салбарын 2014 онд хийгдсэн зам, барилгын бүтээн байгуулалтын ажлын явцыг холбогдох албаныхан мэдээллээ.

a

2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгууд болон Замын-Үүдийг нийслэлтэй автозамаар холбосон бол энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замыг ашиглалтад орж байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдөр нээсэн бол Хөвсгөлийн замын хатуу хучилтыг энэ долоо хоногт дуусгах юм байна. Сүүлийн 2 жилийн дотор 2500 км автозам барьсны 1300 нь дээрх 6 аймаг, Замын-Үүдийг нийслэлтэй холбосон автозам, үлдсэн 1200 км нь ирэх жилүүдэд холбогдох бусад аймгийн болон баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам юм гэж "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтын үеэр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Х.Ержан хэллээ.

a

2012-2014 онд нийслэлд 80 км зам шинээр барьж, 145 км замыг өргөтгөн шинэчилсэн нь ойрын үед хийгдээгүй бүтээн байгуулалт боллоо. Өнөөдөр гэхэд Бээжингийн гудамжны зорчих хөдөлгөөнийг нээлээ.  гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын дагуух 5 өртөө зөрлөг, ажилчдын орон сууц, засварын төв, захиргааны барилга байгууламжууд, тэдгээрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн нарийвчилсан зураг төслийг энэ онд гаргаж дуусгана. Төмөр замын дохиолол холбооны системийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчтэй энэ ондоо багтаан гэрээ байгуулна. 2015 оны 5 дугаар сард газар шорооны ажлыг дуусч, бүтээн байгуулалтын ажил эрчимжинэ. Харин зүүн чиглэлийн буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав-Бичигт чиглэлийн нийт 1506 км төмөр замын зураг төслийг гаргаж дууссан, одоо тендерийн бичиг баримт боловсруулж байгаа хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан хэллээ.

a

2013 оны 6 дугаар сард ажлыг нь эхлүүлсэн Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн босголт 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Оффис, 1200 ажилчдын амьдрах байр, худаг, халаалтын зуух, цэвэрлэх байгууламж зэргийг байгуулж тохижуулсны зэрэгцээ бетон зуурмаг бэлтгэх 3 үйлдвэр, лабораторийн байр барьж, тоног төхөөрөмжийг угсраад байна. Бүтээн босголтын ажлын төлөвлөгөөг одоогийн байдлаар давсан биелэлттэй байна. Гэрээ ёсоор онгоцны буудлыг 2016 оны 12 дугаар сард бүрэн дуусгаж ашиглалтад оруулна гэж Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Н.Энхбат хэллээ

a

Тэд энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

a

-Дорнодын зам энэ онд ашиглалтад орох боломжгүй болж байна уу?

-Дорнодын замын энэ жил ашиглалтад оруулах боломжгүй болсон. Яагаад гэвэл 143 км ийн багц буюу Насны зам компанийн гүйцэтгэж байсан ажил хугацуаандаа оруулах боломжгүй болсон. Насны зам” компанитай гэрээгээ цуцалсан. Өөр компаниудтай гэрээ хийхээр шалгаруулалт явагдаж байгаа. Энэ жил зам барилгын ажил хийх хугацаа дуусч байна. Тиймээс дараа жил үлдсэн 90 км замыг хийхээр гурван компанийг шалгаруулсан байгаа.

a

-Завхан аймгийн Улиастай хот хүрэх замыг хийх компани олдохгүй байгаа гэж дуулдсан. Энэ зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Тосонцэнгэлээс Улиастай хүртэл 114 км, 67 км  гэсэн хоёр багц байгаа. 114 км нь Концессийн гэрээгээр буюу Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа ажил. Манайх 67 км замыг нь хариуцаж байгаа. Энэ замын гүйцэтгэл 30 хувьтай байсан. Гэвч Монгол, Хятад хоёр компанийн түншлэл цаашид хамтран ажиллаж, уг замыг дуусгах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс лдахин ажиллах чадвар бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явцдаа явж байна. Ирэх жил энэ ажлыг  үргэлжлүүлэхээр болж байна.

a

-Шинэ нисэх буудлын ажил хэзээ дуусах вэ. 2016 онд АСЕМ-ийн уулзалт болно. Онгоцны буудал хүрэлцэхгүй болох магадлал өндөр байна. Ер нь тэр үед ашиглалтад орох боломжтой юу?

-Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 2013 оны зургаан сард 1390 хоногийн олон улсын хэмжээнд батлагдсан ажлын гэрээтэй. Энэ гэрээний дагуу 2016 оны арванхоёрдугаар сард дуусах ёстой. АСЕМ-ийн хурал долдугаар сард болно гэж эхний байдлаар мэдээлэл өгсөн. Энэ хугацаанд  ажлаа шахаж ажилла гэсэн төлөвлөгөө гараагүй хуучин төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хихи болноо яаанаа:
асем-ын уулзалтаар ирсэн онгоцнуудыг буух хөөрөх зурвасын хоёр талаар нь хашлагаруу нь сайн налуулаад л зогсоодог байхдаа. эсүлл эхний ирсэнийг нь за одоо гялс хөөр хөөр гээд л айн
2014-10-28