Донецкт тусламж үзүүллээ

img

ОХУ-ын Засгийн газар Украины зүүн хязгаарын Донецк мужид тусламж үзүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдөр 14.00 цагийн үед Оросын Онцгой байдлын яамны 40 ачааны машин Донецк мужид очсон тухай тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медеведев твиттертээ бичжээ. Тэрбээр “Украины зүүн хязгаарын мужуудад илгээж буй Оросын дөрөв дэх цуваа Донецк мужид амжилттай очлоо” гэж жиргэжээ. Дараагийн тусламжийн цуваа өнөөдөр Луганск мужид хүрэх юм. Украины арми Оросын тусламжийн цувааг 3-4 цагийн турш шалгаж, хилийн дээс алхуулж буйг Ерөнхий сайд шүүмжилж “Ачааны машинуудад дулаан хувцас, талх, сахар зэрэг багтсан байгаа” гэсэн байна.

1

Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүсэлтийн дагуу өнгөрсөн сараас зүүн хязгаарын оршин суугчдад Герман, Польш, Латви, Швед, Швейцари, Египет зэрэг орноос хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй. ОХУ-ын Онцгой байдлын яамны орлогч сайд Владимир Степанов “Орт 1” сувагт ярихдаа “Ирэх долоо хоногт Луганск, Донецк мужид гурван тонн хүмүүнлэгийн тусламж Оросоос очих болно” гэжээ.

“Бүгд найрамдах Донецк” улсын тэргүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн Денис Пушилин Оросын удирдлагуудад хандаж, зэвсэг нийлүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Медведев “Орос Украины хямралын гол буруутан болохыг хүсэхгүй байна. Бид Засгийн газар болон салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлэхгүй” гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ