Хэт даврагчид шоронд хяналтаа тогтоохыг санаархаж байна

Нигерийн шоронгуудаас 2008 оноос хойш 2500 гаруй хоригдол оргосон гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Броуние Самукай “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Тэрбээр “Хоригдлууд оргож буй гол шалтгаан нь хэт даврагч “Боко Харам” бүлэглэлтэй нягт холбоотой. Тус бүлэглэлийн дайчид шоронд нэвтэрч, улмаар харгалзагчдын аминд хүрдэг. Хэт даврагчид шоронгоос оргосон хоригдлуудыг бүлэглэлдээ элсүүлдэг нь тогтоогдсон. Тэд шоронд хяналтаа тогтоохыг санаархаж байна” гэжээ. Өнгөрсөн долоодугаар сард Муби хотын шоронгоос 115 хоригдол оргосон бол энэ долоо хоногт Коги мужаас 19 хоригдол оргосон байна. 2009 онд Маидугури хотоос 500 орчим хоригдол оргосон хэрэг гарчээ. Нигерийн шоронд нийт 57 мянган эрэгтэй, 239 эмэгтэй хоригдол хүмүүждэг гэнэ. “Боко Харам” бүлэглэлийн 115 дайчин 5-25 жилийн хорих ялаар шийтгүүлж байгаа аж. Хэт даврагчдын тэргүүн Абубакар Шекау дээрх дайчдаа суллуулахыг шаардаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужид байрлах охидын сургуулиас 200 гаруй охин хулгайлж, Ерөнхийлөгч Гүүдлак Жонатантай хэлэлцээр хийхийг хүссэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ