Багш, оюутнууд суулт зарлав
Мексикийн 20 гаруй их, дээд сургуулийн багш, оюутнууд бусдын
гарт амиа алдсан 43 оюутны үхлийн шалтгааныг хурдан олохыг шаардаж, 72 цагийн
хугацаанд ажил хаясан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид оюутнуудын
үхлийн шалтгааныг олохын тулд Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог юу ч хийхгүй
байна хэмээн буруутгажээ. Тэд нийслэл Мехико хотын зам талбайг хааж, төв
талбайд суулт зарласан байна.
Ерөнхийлөгч ажил хаясан багш нарын төлөөлөлтэй өнөөдөр уулзахаар болжээ. Тэрбээр “Боловсролын систем зогсонги байдалд орж болохгүй. Багш, оюутнуудын жагсч буй шалтгаан үнэхээр сэтгэл өвтгөж байна. Оюутнуудын үхлийн шалтгааныг илрүүлэхийн тулд Засгийн газар бүхий л чадлаараа ажиллах болно. Тиймээс ажил хаялтад нэгдсэн багш, оюутнууд төв талбайг чөлөөлж, ажил сургуульдаа явцгаа” гэж хэлжээ.
Сураггүй алга болсон оюутнуудын цогцсыг өнгөрсөн сарын 7-нд Игуала хотын зах орчмоос олсон юм. Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбоотой хэмээн Игуала хотын экс дарга Хосе Луис Абарка болон түүний эхнэр Мария де лос Анжелес нарыг баривчлаад буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ