Гэр бүлээ тэжээхийн тулд хэт даврагч болсон гэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн 13 настай хүү “ВВС” агентлагийн сэтгүүлч Марк Лоуенд ярилцлага өгчээ. Сири улсын иргэн Абу Хаттау өнгөрсөн долоодугаар сард гэр бүлээ тэжээхийн эрхэнд хэт даврагч болжээ. Тэрбээр “Халифын вант улс” бүлэглэлд элссэнээр сар болгон тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж авч, Сирид амьдарч буй гэрийнхэндээ явуулдаг гэж сэтгүүлчид ярьжээ.

Хүү “Сири улсад иргэний дайн гарахаас өмнө би дунд сургуулийн сурагч байсан. Өглөө бүр ээждээ үнсүүлээд сургуульдаа явдаг байсан. Даанч нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөж, сургууль, гэр минь миний өмнө нурч унахыг харсан. Би тэр өдрөөс эхэлж сурагч бус тэнэмэл нэгэн болсон. Өлсөхийн эрхэнд хулгай хийж, хүнд хөдөлмөр эрхэлдэг байсан. Харин “Халифын вант улс” бүлэглэл итгэхийн аргагүй санал тавьсан. Би ээж болон охин дүүгээ хамгаалахын тулд хэт даврагч болохыг зөвшөөрсөн. Би Иракийн төлөө энэ биеэ зориулах болно” гэж хэлжээ. Сэтгүүлч түүнээс хэт даврагчид өөртэй нь хэрхэн харьцдаг тухай асуухад “Тэд надтай хүү, дүү шигээ дотно харьцдаг. Надаас гадна 50 хүүхэд тус бүлэглэлд элссэн” гэсэн байна.

Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади “Хэт даврагчид агаарын цохилт болон гэнэтийн ажиллагааны үеэр олон тооны дайчдаа алддаг. Тус бүлэглэлийн тэргүүн хохирол амсахгүйн тулд зэвсэг барих чадвартай охид хөвгүүдийг хэт даврагч болгодог” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ