Засгийн газраа эсэргүүцэж жагсав
Бельгийн нийслэл Брюселль хотноо төсвийн мөнгийг танах Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж 100 мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдөр өдрийн 12.00 цагаас эхэлсэн тайван жагсаал оройн 20.00 үед мөргөлдөөн болон хувирчээ. Цагдаа нар Засгийн газрын байрны өмнө цугларсан үйлдвэрийн ажилчид руу даралттай ус цацан, тэднийг тараасан байна. Мөн 22 жагсагчийг үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн ажилтны биед хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилсан байна. “Баривчлагдсан жагсагчдыг өнөөдөр 15.00 цагийн үед суллах болно” гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Жагсагчид мөн цагдаагийн машиныг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Бельгийн Засгийн газар тэтгэврийн насыг нэмж, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний зардлыг танаснаас хойш нэг сарын дотор эмх замбараагүй байдал газар авч буй. Ийнхүү төсвийн мөнгийг танаснаар 11 тэрбум еврог хэмнэх боломжтой гэж Засгийн газраас мэдээлсэн юм. Жагсагчид Засгийн газар иргэдээ хүндэлсэн шийдвэр гаргахгүй бол энэ сарын 24-нөөс ирэх сарын 25-ны өдөр хүртэл бүх нийтийн ажил хаялт зарлаж, суулт зарлахаа мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ