Осама Бин Ладеныг устгасан цэрэг тэтгэмж хүсэв
АНУ-ын тусгай хүчин 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны Абботабат хотод нуугдаж байсан “Аль-Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладеныг устгаж, аюулгүй болгосон билээ. Энэхүү ажиллагаанд оролцож, Осамаг устгасан АНУ-ын Тэнгисийн цэрэг Роберт О'Нил өөрийгөө илчилсэн тухай “www.newsnation.in” мэдээлэв. Тэрбээр дээрх ажиллагааны дараа албанаасаа чөлөөлөгдөж, энгийн амьдралаар амьдрах болсон юм. Роберт О'Нил өнгөрсөн жилээс санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан учир Засгийн газраасаа тэтгэмж хүсчээ.
О'Нил “АНУ-ын Засгийн газар гавьяаг минь мартах учиргүй. Би тэтгэмж авахыг хүсч байна. Осама бин Ладеныг устгасан гэдгийг минь олон улс мэдлээ. Тиймээс миний амь нас эрсдэлд орлоо. Эрхэм Ерөнхийлөгч Обама энэ асуудал дээр анхаарлаа хандуулах нь зөв” гэж хэлжээ. Тэрбээр 16 жил цэргийн албанд хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд Ирак, Афганистанд 200 гаруй тусгай ажиллагаанд оролцож явжээ. Энэ сарын 11, 12-нд Америкийн “Fox News” сувгаар “Осама бин Ладеныг хөнөөсөн эгэл цэрэг” хэмээх нэвтрүүлэг гаргахаар болжээ. Роберт О'Нил энэхүү нэвтрүүлэгт оролцож, тусгай ажиллагаа, даалгаврын тухай дэлгэрэнгүй ярих гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ