Донецкт зэвсэг ачсан ачааны машин нэвтэрчээ
Украины зүүн хязгаарын Донецк мужид Оросоос зэвсэг ачсан 20
гаруй ачааны машин нэвтэрсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн баасан
гаригт Донецк мужийг тусгаар улс болгон зарласан “Бүгд Найрамдах Донецк улс”
хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко
“Эх орноо хамгаалахын тулд Оросоос зэвсэг нийлүүлэхийг хүсэх болно. Бид эхний
ээлжинд Украины армиас газар шороогоо хамгаалах хэрэгтэй. Мөн Петр Порошенко
тусгай ажиллагаа явуулахаас өмнө урьдах хэрэгтэй” гэсэн юм. “Зэвсэг ачсан
ачааны машин Донецкт хүрсэн гэх мэдээллийг Оросын Батлан хамгаалах яам батлаагүй”
гэж “Ukraine agency”мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам дүрс бичлэгийн
тусламжтай дээрх мэдээллийг батлахаа Оросын удирдлагуудад сануулсан аж. Тус
улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Орос болон Путин Украинд хяналтаа
тогтоохын тулд салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж эхэллээ. Тэд өмнө нь нууцаар
зэвсэг нийлүүлдэг байсан. Харин одоо олон улсын нүдэн дээр зэвсэг нийлүүлж
эхэллээ” гэж хэлжээ. Өнгөрсөн мягмар гаригт Оросын Засгийн газар зүүн хязгаарын
Донецк, Луганск мужид таван тонн хүнсний тусламж үзүүлсэн билээ. Оросын талаас
тайлбарлаж буйгаар дээрх тусламжийн сүүлийн цуваа өчигдөр Донецкт очсон гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ