Хийн хоолой тавих чиглэлийг батлав
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй Ази-Номхон далайн
эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын өмнө Си Зиньпин болон
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар нийт 17 бичиг баримтад гарын үсэг зурсан гэж “Ройтерс”
агентлаг мэдээллээ.
Дээрх баримтуудын ихэнх нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт, эрчим хүчний хамтын ажиллагаанд хамаарах аж. Хоёр орны удирдлагууд баруун чиглэлийн хийн хоолойгоор Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Баруун Сибириэс байгалийн хийн нийлүүлэлт ирэх 2019 оноос эхлэхээр болжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр Хятад улсад 30 жилийн турш байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Зүүн Сибириэс Хятад руу дөрвөн мянган км урт хоолойгоор байгалийн хий дамжуулах энэхүү төсөл 400 тэрбум ам.долларын өртөгтэй аж. Зүүн чиглэлийн хийн хоолойн гэрээний дагуу Орос жил бүр 38 тэрбум ам.метр байгалийн хий нийлүүлэх бол баруун чиглэлийн хоолойгоор жил бүр 60-100 тэрбум ам.метр хүртэл байгалийн хий дамжуулах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ