Хэт даврагчид 48 сурагчийн аминд хүрчээ
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Юубе мужид
байрлах Потискум сургуульд халдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын
үеэр 48 сурагч амиа алдаж, 79 хүн гэмтсэн гэж тус улсын цагдаагийн газраас
мэдэгдэв. Хэт даврагчид сургуульд нэвтэрч дараалан бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлтийн
улмаас сургуулийн үүдэн хэсэг нурсан аж.
Энэхүү халдлагыг “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч “Дахин халдлага үйлдэх болно. Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Засгийн газар болон олон улс биднийг тайван орхих хүртэл халдлагаа үргэлжлүүлсээр байх болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужаас хулгайлагдсан 200 гаруй охиныг хайх хэрэггүй. Тэднийг гэрлүүлсэн. Мөн Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээ өнөөдрөөс хүчингүй болгож байна” гэжээ.
Өнгөрсөн сарын эхээр Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан “Боко Харам” бүлэглэлийн тэргүүнтэй харилцан гэрээ байгуулж, хулгайлагдсан охидыг суллахаар болсон юм. Хэт даврагчид охидыг сулласан тохиолдолд Засгийн газар шоронд хоригдож буй тус бүлэглэлийн 150 гаруй гишүүнийг суллахаар төлөвлөөд байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ